Хустайн нурууны байгалийн цогцолборт газрынхан улсын төсвийн дэмжлэггүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аялал жуулчлалаас орлогынхоо зонхилох хувийг бүрдүүлдэг. Цар тахлын нөхцөл байдлын улмаас тус газрыг зорих жуулчны тоо эрс багасаж, санхүүгийн хүндрэл учирсан ч тэд дотоодын аялагчдад зориулсан төсөл, аян хэрэгжүүлэн, үйл ажиллагааныхаа зардлыг шийдсээр ирсэн. БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнгөрсөн амралтын өдөр тус цогцолборт газрын үйл ажиллагаатай танилцахдаа байгаль хамгаалах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ онцоллоо. Түүнчлэн тарвага, чоно хууль бусаар агнах гэмт хэрэг, зөрчил Хустайн нуруунд байнга гарч байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдад хоёр мотоцикл олгох болов.