Хуванцрын найрлагад будагч, бэхжүүлэгч, зөөлрүүлэгч бодис ордог учраас байгаль орчин болон эрүүл мэндэд хор уршиг ихтэй. Гэвч энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өссөөр байгаа. Зөвхөн АНУ-д гэхэд жилд 28 тэрбум хуванцар савлагаатай цэвэр ус үйлдвэрлэдгээс 86 хувь нь хог хаягдал болдог гэсэн тооцоо гарчээ. Тиймээс тус улсын эрдэмтэн, судлаачид ийм материалтай бүтээгдэхүүнээс татгалзах, хэрэглээг багасгах санаачилга гаргаж, “Хуванцаргүй долдугаар сар” олон улсын сайн дурын аян өрнүүлжээ. БОАЖЯ-ныхан эл санаачилгыг дэмжин, хуванцрын хор уршгийг иргэдэд ойлгуулахад чиглэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээж байна. Ийм материал нь хөрс, усыг бохирдуулаад зогсохгүй озоны давхарга цоороход ихээхэн хувь нэмэртэйг судлаачид онцоллоо.