Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн манай улсад коронавируст халдварын тархалт эрс ихэссэн. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд улсын хэмжээнд халдвар авсан нийт хүний тоо 10 000-д хүрч байв. Харин үүнээс хойших хоёр сар гаруйн хугацаанд өвчлөл 100 000-д хүрч нэмэгдсэн юм. Ийнхүү нэмэгдсэн нь коронавирусийн альфа хэлбэрийн тархалттай холбоотой байжээ. Энэхүү хэлбэр нь өнгөрсөн оны есдүгээр сард Британид анх бүртгэгдсэнээс хойш олон оронд тархсан. Манай улсад тархсан коронавирусийн хэлбэрийн судалгааг АШУҮИС-ийн багш, судлаачид өдгөө хийж байгаа аж. Эл судалгааны эхний үр дүнд өнгөрсөн хоёрдугаар сард манайд альфа хэлбэр анх бүртгэгдсэнийг тогтоожээ. Түүнээс хойш зургадугаар сарыг дуустал хийсэн судалгаагаар халдварын дийлэнх нь альфа хэлбэрийнх байсныг илрүүлсэн гэнэ. Тус сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч Ч.Баттогтох “Судалгааны үр дүнд манайд голомтлон тархсан вирусийн 80 хувь буюу зонхилох нь альфа хэлбэрийнх болохыг тогтоосон. Харин бетта, гамма хэлбэр маш бага буюу нэг хувийг эзэлж байна. Бидний одоогоор шинжилгээнд хамруулсан сорьцуудаас дельта хэлбэр илрээгүй. Манай улсад голомтлон тархсан коронавирусийн судалгааг АШУҮИС-иас ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагатай хамтран хийж буй. Судалгаа үргэлжилж байна” гэв.
Манай улсад өнгөрсөн тавдугаар сард таван сорьцоос коронавирусийн дельта хэлбэр илэрснийг ЭМЯ-наас мэдээлж байв. Гадаадаас ирсэн иргэдээс коронавирусийн дельта хэлбэр илрүүлсэн бөгөөд тэднийг хяналтдаа авч эмчилсэн аж. Гэсэн ч 110 гаруй оронд тархсан эл хэлбэр “хаалга тогшсоор” буйг анхаарууллаа. Тус яамны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Коронавирусийн дельта хэлбэр вакцины нөлөөг бага зэрэг бууруулж байгааг олон улсын судлаачид мэдээлэх болсон. Ийм учраас дархлаажуулалтад огт хамрагдаагүй хүн эл хэлбэрээр халдварлавал биеийн байдал нь маш хүндрэх эрсдэлтэй. Дельта хэлбэрийн халдварын хүндрэл альфагаас хоёр дахин өндөр” гэв.