Тагнуулын байгууллагууд гэмт хэрэгтэн, алан хядагчдыг мөрдөхөд ашигладаг байсан Израилийн “NSO Group” компанийн програм хангамжийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа сэтгүүлчид, сөрөг хүчний зүтгэлтнүүдийг тагнаж мөрдөхөд ашиглаж байжээ. Энэ тухай Washington Post сонинд мэдээлэв.
Тус хэвлэлд мэдээлснээр “Forbidden Stories” ба “Amnesty International” ашгийн бус байгууллагууд 2016 онд "NSO" компанийн үйлчлүүлэгчдийнтандалт хийх зорилгоор сонгон гаргасан 50 мянга гаруй утасны дугаарын жагсаалтад эрх олж авчээ Дараа нь цуглуулсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамтарсан шалгалт хийж, жагсаалтад дүн шинжилгээ хийсэн байна.
Ингэхдээ утасны дугаарын эздийн нэрсийг жагсаалтад дурьдаагүй боловч сэтгүүлчид жагсаалтад багтсан дэлхийн 50 гаруй орны мянга гаруй хүнийг олж илрүүлж чаджээ. Тэдгээрийн дотор Арабын хааны гэр бүлийн гишүүд, 65 бизнесмэн, хүний эрхийг хамгаалагч 85 хүн, 189 сэтгүүлч, 600 гаруй улс төрч, албан тушаалтнууд, тэр дундаа сайд нар, дипломат ажилтнууд болон цэргийн алба хаагчид, зарим төрийн тэргүүн, ерөнхий сайд нар байгаа аж.
37 ухаалаг гар утаснаас цуглуулсан мэдээлэл нь эрх зөрчсөн үйлчлүүлэгчдийг мөрдөн шалгахыг амласан тус компанийн эрх баригчдын мэдэгдэлд эргэлзээ төрүүлж эхэлжээ.
Мөн NSO компани нь 40 орны тагнуул, цэрэг, хууль сахиулах 60 байгууллагын ашиг сонирхолд үйлчилдэг хэмээн тэмдэглэсэн боловч тодорхой мэдээллийг дэлгээгүй байна.
Мексикийн эрх баригчид гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр тагнуулын програм худалдаж авсан боловч түүний тусламжтайгаар сэтгүүлч, идэвхтнүүдийг тагнан мөрдөж, хар тамхины мафийханд тандалтын үйлчилгээ үзүүлж эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэглэлд програм хангамжийг худалдаж байсан тухай мэдээлэл өнгөрсөн оны сүлчээр гарч байсан юм. Цагдаагийн байгууллагын гэмт үйлдлүүд 2012 оноос хойш ил болсон бөгөөд авлига, засгийн газар эрүүгийн бүлэглэлүүдтэй холбоотойг эрэн сурвалжилж байсан олон арван сэтгүүлч, идэвхтэн амь үрэгдсэн юм.