Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлж байна. Орон нутагт осолд өртсөн, яаралтай тусламж нэн шаардлагатай иргэдийг нисдэг тэргээр тээвэрлэн нийслэлд авчирч, эмчилдэг аж. Тухайлбал, суурин газраас 100 орчим км зайд орших бүс нутагт гэмтсэн, осолд өртсөн иргэнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг. Харин эмч нар нисдэг тэргээр 20 минутын дотор очиж, анхны тусламж үзүүлэх боломжтой гэнэ. Цаашлаад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хүргэн, эмчлүүлэх юм байна.
Тус төвийнхөн энэ сарын 16-нд орон нутагт осолд өртсөн иргэний байгаа газарт нисдэг тэргээр очиж, тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр нийслэлээс алслагдсан бүс нутагт байсан өвчтөнд яаралтай тусламж үзүүлж, газраар тээвэрлэснээс богино хугацаанд эмнэлэгт хүргэн, амийг нь аварчээ. ГССҮТ-ийнхөн 2017 оны арваннэгдүгээр сард яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд анх удаа нисдэг тэрэг ашиглажээ. Улмаар орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор өнгөрсөн оны зургадугаар сард эзэмшил газартаа нисдэг тэрэг буух талбай байгуулсан гэнэ.
Бэлтгэсэн М.Оч