Ирэх сард олон улсын 37 нислэг үйлдэх хуваарийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргажээ. Цар тахал дэгдсэнээс хойш нэг сард хамгийн олон нислэг төлөвлөсөн тохиолдол нь энэ юм. Үүний 31 нь ердийн хуваарьт нислэг. Харин зургаа нь хоёр тун вакцин хийлгэснээс хойш 14 хоног өнгөрсөн, “Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн зорчигчдыг тээвэрлэх юм байна. Өөрөөр хэлбэл, тусгаарлах шаардлагагүй иргэдийг ийнхүү ангилан тээвэрлэхээр болжээ. Ийм зорчигчдыг тээвэрлэх нэмэлт нислэг хийх эрх нь аль ч агаарын тээвэрлэгчдэд нээлттэй юм байна. Гэхдээ Сөүлээс бусад чиглэлд нэмэлт нислэг хийх боломжтойг тус газраас мэдээлэв.
Манай улсаас МИАТ, “Хүннү эйр”, гадаадаас “Кореан эйр”, “Туркиш эйрлайнс”, “Асиана эйрлайнс” энэ сард олон улсын нислэг хийх нь. Сөүлийн чиглэлд хамгийн олон буюу 17 нислэг хийхээр төлөвлөжээ. Гадаадаас ирсэн иргэд хоёр тун вакцин хийлгэсэн, эсвэл өвчлөөд эдгэрсэн бол тусгаарлагдахгүй, харин гэрийн ажиглалтад 14 хоног байх ёстой. Тэднийг нисэх буудалд байхад, бас гэрийн ажиглалтын хугацаанд нь шинжилгээнд хамруулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн. Харин вакцинд хамрагдаагүй, эсвэл өвчилж эдгэрээгүй иргэд журмын дагуу ажиглах байранд долоо хоног тусгаарлагдах юм.