Монгол орны тариалан бүхий нутгуудаар 368.5 мянган га талбайд тариалалт хийснээс 317.6 мянган га–д буудай, 11.6 мянган га–д төмс, 16.0 мянган га–д техникийн ургамал, үлдсэн талбайд хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тариалжээ. Энэ нь өмнөх оны мэдээтэй харьцуулахад нийт тариалсан талбай 1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин үр тариа тариалсан талбай 3.6 мянган буюу 1.1 хувиар нэмэгдсэн бол бусад ургамал тариалсан талбай 1.6-24 хувиар буурсан аж. Энэ жилийн буудайн хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцөлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн буудайн ургацыг динамик–статистик загвараар урьдчилан тооцоо хийж үзэхэд:
- Сэлэнгийн Баянгол, Орхонтуул, Дорнодын Халхгол, Төвийн Угтаалцайдам сумын тариалан бүхий нутгаар 10.6–13.0 ц/га;
- Увсын Баруунтуруун, Төвийн Эрдэнэсант, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Орхон сумын тариалан бүхий нутгаар 14.0–17.0 ц/га;
- Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уул, Булган аймгийн тариалангийн бүс нутгаар 17.2–19.1 ц/га ургац авах төлөвтэй байна.
Цаг агаарын бодит байдал болон урьдчилсан мэдээ, буудай тариалсан хугацааг үндэслэн тооцоо хийжээ. Тооцооллоор Дархан-Уулын 6-р бригад, Цайдам талбай болон Дорнодын Халхголд наймдугаар сарын дундуур, Дархан-Уулын Алтангадасын талбай болон Булганы Сэлэнгэ, Төвийн Залуучуудад наймдугаар сарын сүүлчээр, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Цагааннуур, Ерөө, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсантад есдүгээр сарын эхээр буудай аарцан бололтын үе шатандаа орох төлөв гарчээ.