Манай орны нийт газар нутгийн 78.9 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөнөөс 4.7 хувь нь нэн хүчтэй, 18.6 хувь нь хүчтэй, 22.1 нь дунд зэрэг ангилалд багтаж буй. Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цөлжилтийг сааруулах, элсний нүүдлийг бууруулах, хамгаалалтын зурвас байгуулах ажлыг эрчимжүүлнэ гэж тусгасан. Үүний дагуу БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхан цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд багтсан аймгийн төлөөлөлтэй өчигдөр цахимаар хуралдав. Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Төв, Өмнөговь аймгийн Засаг дарга нар цөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулж, хийж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Говь-Алтай аймаг элсний нүүдлийг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд үр дүнтэй ажиллаж байгааг онцоллоо. Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор зэрэг уул уурхайн идэвхтэй бүсэд нарийвчилсан судалгаа, үнэлгээ дахин хийх шаардлагатайг дурдав. Цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байгаа ч үүнтэй тэмцэхэд хангалттай хөрөнгө төсөвлөдөггүйг орон нутгийн удирдлагууд хэлсэн юм. Эдгээр аймаг цөлжилтийн төлөв байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний тайлангаа ойрын хугацаанд БОАЖЯ-нд ирүүлэхээр болсон аж.
Бэлтгэсэн Ж.Мишээл