Япон Улс зуны олимпын ХХХII наадмын нээлтийн өмнө нийслэл хотдоо онц байдал тогтоож, эл арга хэмжээний хаалтын ёслолыг дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн онцгой нөхцөл байдлын горим паралимпийн хугацаанд ч хүчин төгөлдөр байх юм. Засгийн газар нь баталсан, коронавирусийн эсрэг хөтөлбөрийг ахалж буй, Эдийн засгийн сэргэлтийн сайд Ясүтоши Нишимүрагийн мэдээлснээр энэ сарын 12-ноос наймдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх онц байдлын улмаас тэмцээнүүдийг үзэгчгүй зохион байгуулах төлөвтэй. Гэхдээ үүнийг эцэслэн шийдэхээр хэдэнтээ хуралдсан ч одоогоор тодорхойгүй хэвээр байна. Токио хотын захирагч Юрико Коикэ хөгжөөн дэмжигчидгүй тоглолт хийх нь илүү аюулгүй байна гэсэн байр суурьтайгаа илэрхийлжээ. Гэхдээ халдварын тархалтаас шалтгаалж үзэгчтэй байх, эсэх талаар судалж буйгаа мэдээлээд, үүнийг өнөөдөр, маргааш Засгийн газар болон Токиогийн засаг захиргаа, наадам зохион байгуулагчдын хэлэлцээрээр шийдэх талаар тэмдэглэжээ. Уг хэлэлцээрийг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах даргална.
“Токио-2020”-той холбоотой өөр нэгэн мэдээлэл байна. Олимпын бамбарыг нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайгаар аялуулахгүй болжээ. Халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор ийм шийдвэрт хүрсэн бөгөөд бамбарыг бадамлуулах ёслолыг энэ сарын 23-нд арга хэмжээ эхлэх хүртэл цахимаар зохион байгуулахаар тогтсон байна. Өдгөө олимпын бамбарыг төлөвлөсний дагуу Огасавара арлаар аялуулж байгаа юм.
Бэлтгэсэн Ж.Эрдэнэ