Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал манай улсын 17 аймгийн 137 сумд тарваган тахал гарах эрсдэл үүсээд байгаа аж.
Дэлхийн түүхэнд тарваган тахлын томоохон гурван дэгдэлт бүртгэгдсэн удаатай.
Нэгдүгээр цар тахал “Юстинианы тархвар” нэртэйгээр 531-580 онд Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрт тархаж, 100 сая орчим хүн эндсэн байна.
Хоёрдугаар тохиолдол нь ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан, 60 сая орчим хүний амийг авч оджээ. Энэхүү цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэсэн бөгөөд, Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн цогцос маш хурдан харлаж, заримдаа нүүрс шиг болж байсантай холбоотой ажээ.
Гуравдугаар цар тахал 1894 онд Хонг Конгт эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан бөгөөд тухайн үеийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гамшиг нь өмнөх цар тахлаас бага байжээ.
Уг өвчинтэй тэмцэхэд иргэн хүний оролцоо чухал бөгөөд тарваган тахлын халдвар авах аливаа эрсдлээс татгалзаж чадвал өөрийн, цаашлаад нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж чадна хэмээн холбогдох албанаас мэдээлэв.
Эх сурвалж: ЗӨСҮТ