Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Цагаан-Эрэг гэх газар орчим аялж явсан иргэн Дэлгэрмөрөн голд осолджээ. Тодруулбал, өчигдөр 16.00 цагийн үед голд сэлэхээр орсон иргэн осолдсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн гэнэ. Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид долоон километр замыг туулан 16.14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 32 настай, эрэгтэйн цогцсыг 16.46 цагт олж, голоос гаргажээ. Тухайн иргэний цогцсыг голын усны мандалд, осолдсон газраас хоёр километрийн зайнаас олджээ. Дээрх газарт таван иргэн амарч байсан бөгөөд нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд сэлэхээр голд орж, эндсэн байна.