Энэ онд улсын хэмжээнд 368.1 мянган га талбайд уринш бэлтгэж, тариалан эрхлэгчдэд нэг тэрбум төгрөгийн шатахууны дэмжлэгийг үзүүлэхээр болсон гэнэ. Уринш боловсруулах талбайн нэг га тутамд 10 литр шатахуун олгохоор тооцсон бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байр болон орон нутгийн таван салбараар дамжуулан олгох аж. Иймд тариалан эрхлэгчид өөрт ойр байрлах салбарт хандан шатахууны дэмжлэгийн гэрээг байгуулах боломжтой хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Уринш боловсруулалтын шатахууныг олгох дэмжлэгийн хугацаа төсвийн хэмжээнд буюу нэг тэрбум төгрөг хүртэл, эсвэл шатахууны гэрээ байгуулах хугацаа дууссанаар зогсох аж. Мөн батлагдсан хуваариас илүү олгохгүйг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас анхаарууллаа.