“Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газрыг хүүхдийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн. Тодруулбал, “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргаж байсан. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 12.00 цагт онлайнаар зохион байгуулсан аж.
Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч "Лантуун дохио" ТББ-аас захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх" хүсэлтээсээ татгалзжээ. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсныг тогтоолгох” болгон өөрчилсөн байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүсэлтийг ханган шийдвэрлэж шүүхийг хурлын 2021 оны долдугаар сарын 28-ны өдрийн 11.00 цагаас хийхээр тогтов.
Ташрамд дурдахад, Монгол Улсад 560 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 80 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой заалт тусгасан байна. Гэвч энэ нь хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг хангалттай бүрдүүлж чаддаггүй. Олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хүүхэд бол эрх зүйн бие даасан субьект мөн хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны Конвенцид 1990 онд, ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай (1999) 182 дугаар Конвенцид 2001 онд, Насны доод хязгаарын тухай (1973) 138 дугаар Конвенцид 2002 онд нэгдэн орсон ч түүгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хаврын хурдан морины уралдаан дахь унаач хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, тэдний эрх зөрчигдсөөр байгааг нотолж байна.