Энэ оны тав, зургаадугаар сард хур тунадас бага орсны улмаас Хөвсгөл нуурын цутгал голуудын усны түвшин эрс багасжээ. Үүнээс үүдэн загасны амьдрах орчин доройтож, тоо толгой нь буурахад хүрсэн байна. Харин зургаадугаар сарын сүүлийн өдрүүдэд их хэмжээний бороо орсны улмаас цутгал голуудын усны түвшин нэмэгдэж, загас дахин үржих нөхцөл бүрджээ. Иймээс гол тасарч, тогтоол усанд үлдсэн байсан загаснуудыг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан цутгал голууд руу шилжүүлсэн байна. Загасны үржлийн үеийг хамгаалах зорилготой эл биотехникийн ажлыг дээрх хамгаалалтын захиргааныхан хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Тэд энэ удаад Алагцар, Шарилжилт, Нарийн голын цутгал, салаануудын урсгалыг чөлөөлж, чөлөөлөх боломжгүй газраас загасыг шилжүүлэн нутагшуулжээ. Эл ажлын үеэр 1200 гаруй загасыг шилжүүлэн нутагшуулж, гурван цутгал голын урсгалыг чөлөөлжээ