Босни-Херцеговинд зохион байгуулсан С.Рахманиновын нэрэмжит Залуу төгөлдөр хуурчдын анхдугаар цахим уралдаанд манай улсаас Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн долдугаар ангийн сурагч Г.Анар насны ангилалдаа тэргүүн байр эзэлж, улмаар уралдааны “Лауреат” болжээ. Өсвөрийн хөгжимчдийн уралдааны тухайд гран при хэмээх ойлголтыг ийнхүү нэрлэдэг аж. Зусландаа амарч буй Г.Анартай холбогдож товч мэдээлэл авлаа.
-Олон улсын уралдаанд өндөр амжилт гаргасанд баяр хүргэе. Хэдүүлээ оролцсон бэ?
-Баярлалаа. Бид гурвуулаа оролцсон. Г.Ганчимэг багшийн минь шавь А.Түшигт нэг, харин Н.Билгүүндорж хоёрдугаар байр эзэлсэн.
-Ямар зохиолууд тоглов?
-Хөгжмийн зохиолч С.Рахманиновын бүтээлүүдээс болон дурын хөгжмийн зохиолчдынхоос хоёрыг тоглох дүрэмтэй. Би Й.Гайдны сонат, Б.Сметанагийн бас нэг зохиолыг тоглосон.
-Өмнө нь олон улсын уралдаанд оролцож байсан уу?
-Итали, Франц, ОХУ-д болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож байсан. Италийнхад түрүүлсэн.
-Туршлагатай өрсөлдөгч юм байна. Яагаад энэ мэргэжлийг сонгон суралцаж байгаа вэ?
-Бага байхдаа телевизээр хөгжим тоглох л юм бол сонсоод суудаг байсан гэсэн. Тэгэхээр нь ээж авьяастай юм болов уу гэж бодоод хөгжмийн дугуйланд оруулсан гэж ярьсан. Нэг удаа “Ээж ээ, та сонсооч” гэдэг уралдаанд түрүүлсний дараа “Ерөөсөө мэргэжлийн сургуульд шалгуулъя” гэж шийдсэн юм билээ. Шалгуулж, тэнцээд Г.Ганчимэг багшийнхаа шавь болсон.