Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж нутагшуулах, үржүүлэх төвийг байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Нийслэлийн ИТХ-аас ийнхүү шийдвэрлэсэн байна. Уг төв нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртаас долоо км зайтай байрладаг бөгөөд нийт 145 га талбайтай. Туул голын экосистемийг хадгалах, сайжруулах зорилгоор 2012 онд эл төвийг байгуулж, минж үржүүлэн, нутагшуулах болжээ. Усны түвшин багассан үед минж голын эрэгт суваг татах, далан барих зэргээр амьдарч байгаа газраа намагжуулж, орчны чийгшлийг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг аж. 2012 оноос хойш тус төвийнхөн 57 минжийг Туулын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голд нутагшуулжээ.
Туул голын эх 100-150 бүл минжтэй болбол экосистем нь тогтворжиж, байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд өртөх нь багасан, улмаар уг амьтан тогтвортой өсөж үржих боломж бүрдэнэ гэж судлаачид үзжээ. Тиймээс минжний тоо толгойг өсгөхийн тулд 145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байна. Үүний хүрээнд үржүүлгийн төв орчимд цүнхээл үүсгэн, минж нутагшуулж, тоо толгойг нэмэгдүүлэх, байгальд дасан зохицох нөхцөл бүрдүүлэн, голын урсцыг сайжруулахаар төлөвлөжээ.
Орон нутгийн хамгаалалтад авахаар болсон 145 га талбайд нийслэл, дүүргийн холбогдох албаныхны захирамжаар иргэн, аж ахуйн нэгжид газар олгоогүй, хүний үйл ажиллагааны нөлөөнд харьцангуй бага өртсөн аж.
Бэлтгэсэн: М.Оч