Коронавирусийн шинжилгээ өгсөн иргэд хариугаа авдаг eruul.gerege.mn систем энэ сарын 1-нээс эхлэн ажиллахаа больсон юм. Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн гурван сарын турш ашиглалтын төлбөр төлөөгүй учраас ийнхүү зогсооход хүрснийг системийг хөгжүүлэгч “Гэрэгэ системс” компаниас мэдээлсэн. Ингэснээр шинжилгээ авах цэгүүд ажиллахаа больсон төдийгүй эдгэрсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоон мэдээллийг гаргах боломж хязгаарлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн баасан гаргаас системийн үйл ажиллагаа хэвийн болж, шинжилгээний цэгүүд ч ажиллаж эхлэв. Нийслэлийн хэмжээнд өдгөө коронавирусийн шинжилгээ авах зургаан цэг 09.00-12.00 цагт ажиллаж байна.