Хүндийг өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн Токиогийн олимпын наадамд өрсөлдөх эрх албан ёсоор баталгаажиж, ОУХМ Э.Билэгсайханы хамт оролцох боллоо. Тэрбээр өмнө нь “Рио-2016” олимпод хүч сорихдоо VIII байрт шалгарч байв. Энэ жилийн ДАШТ-д өрсөлдөхдөө 81 кг-ын жинд дээд амжилтыг гурван удаа ахиулсан юм. Ташрамд дуулгахад, пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглох А.Мөнхбатын олимпод оролцох эрхийг Олон улсын паралимпийн холбооноос баталгаажуулжээ. Тэрбээр дөрвөн жилд зохион байгуулдаг хараагүйчүүдийн спортын дэлхийн наадамд 2015 онд оролцож, мөнгөн медаль хүртсэн бол 2019 онд аваргаар шалгарсан юм.