Монгол орны ихэнх хэсэгт хур тунадас элбэгтэй, уржигдар гэхэд Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв аймагт бороо орсны улмаас зарим нутагт иргэд үерт боогдож, урссан тохиолдол гарчээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалант багийн нутаг, Тэмээн чулуу гэдэг газар энэ сарын 3-ны 15.00-19.30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас автомашин уруйн үерт урсжээ. Онцгой байдлын байгууллагынхнаас тусламж хүссэн дуудлага тухайн өдрийн 20.40 цагийн үед ирсний дагуу Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийнхэн очсон байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Баянхонгор аймгийн Баянцагаан сум руу зорчиж явсан иргэн Б-ийн “Субару форестер” загварын суудлын автомашин уруйн үерт урсаж, жалга руу орсон аж. Аврагчид автомашинаас иргэн Б-г гарган аваад тээврийн хэрэгслийг татан гаргах боломжгүй тул орхисон гэнэ. Мөн тус аймгийн Баянхонгор сумд ус ихтэй бороо орсны улмаас Дуурсах багийн нэг айл усанд автаж, аймгийн Онцгой байдлын газрын аврагчид болон сумын Засаг даргын Тамгын газрынхан хамтран аврах ажиллагаа явуулж, шуудуу татан хашаан дахь усыг нь урсган зайлуулсан байна.
Түүнчлэн Дархан-Уулын Шарын гол сумын Шаазгайтын голд “Тоёота приус-20” загварын автомашинд зорчиж явсан гурван хүн тусламж хүссэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид татан гаргажээ. Өнөөдөр төв, говь, зүүн аймгийн нутгийн зарим газраар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй учраас үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгой байдлын байгууллагаас санууллаа.
Бэлтгэсэн Г.Орчлон