Манай улсад жирэмсэн 2200 эх “Ковид-19”-өөр өвчилснөөс одоогоор 860 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. Тэдний 95.6 хувь нь Улаанбаатар хотод халдвар авчээ. Хөл хүнд эхчүүд халдварт өртсөн тохиолдолд ямар зөвлөмж мөрдөх талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч С.Хишгээ өчигдөр зөвлөгөө, мэдээлэл өглөө. Түүний хэлснээр жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварын шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт хандах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, дур мэдэн гэрээр эмчлэх нь ураг, эхийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөхийг анхааруулав. Ихэнх тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварын шинж тэмдэг эхэн үедээ маш бүдэг илэрч байгааг тэрбээр хэллээ. Тиймээс хөл хүнд эхчүүд халдвартай хүний ойрын хавьтал болсон, эсэхээ байнга нягталж, хоолой хөндүүрлэх, ханиалгах шинж тэмдэг илэрсэн даруйд эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй гэв. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд биеийн байдал нь богино хугацаанд хүндэрч байгаа аж.