Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төсөл нь долоон бүлэг, 51 зүйлтэй бөгөөд хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэхэд чиглэсэн байна. 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар сүүлийн 27 жилийн турш Улаанбаатар хотын аж амьдралыг зохицуулж иржээ. Тухайн үед Монгол Улсын нийслэл 500 000 орчим хүн амтай байсан бол өдгөө 1.5 саяд хүрч өссөн. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр тулгамдсан олон асуудал үүссэн бөгөөд тэдгээрийг өнөөгийн хууль, эрх зүйн орчинд шийдэх боломж хязгаарлагдмал гэдгийг судлаачид олон талаас нь дүгнэсэн. Тиймээс Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулжээ.
“Улаанбаатарт тулгамдсан асуудлуудыг Засгийн газар, нийслэл хамтран шийдэх ёстой. Тухайлбал, замын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, Сэлбэ, Дунд, Туул голын ай савыг хамгаалах, Богдхан уулын экосистемийг хадгалах зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай. Ийм эрх зүй, эдийн засгийн боломж бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Уг хуулийг шинэчилснээр нийслэл цаашид төсөв, санхүүгийн хувьд бие даасан эрх мэдэлтэй болж, хөгжих боломж нээгдэнэ. Тэр хэрээр хотод тулгамдсан асуудлуудыг шийдэж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах юм” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Мөн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар “Улаанбаатар хотод өдгөө тулгамдаад буй асуудлууд нь сүүлийн 30 жилд хуримтлагдсан. Гэтэл нийслэл санхүүгийн болон засаглалын чадамжгүйгээсээ болоод асуудлуудаа шийдэхгүй өдий хүрлээ. Тухайлбал, хотын ачаалал, даац хэтэрсэн. Жишээ нь, замын түгжрэл байна. Үүнийг зохицуулахын тулд эхлээд хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хотын даргын статусыг Засгийн газрын гишүүний түвшинд байхаар тусгасан. Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулж, хэлэлцүүлдэг болно. Зөвхөн мэдээлэл сонсох төдий биш. Мөн УИХ-д асуудлаа танилцуулдаг болно” хэмээв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, УИХ-ын нэг тогтоолд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.