Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин, олонхын санал авсан У.Хүрэлсүх өнөөдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Х.Баттулга 54-тэйдөө Төрийн тэргүүний суудалд тухалсныг эс тооцвол тэр энэ албанд сонгогдсон насаараа хамгийн ахмад нь. Энэ сарын 14-нд түүний 53 насны төрсөн өдөр тохиосон юм. УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, мөн тоогоор сайдаар томилогдон, Ерөнхий сайдаар хоёронтоо ажилласан хүн эцэст нь Ерөнхийлөгч болж байгаа нь энэ. Засгийн газрын тэргүүний албыг хоёр удаа хашиж, төрийн эрх барих дээд байгууллагад дөрвөнтөө сонгогдсон түүх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн намтарт бий ч У.Хүрэлсүхийн дээрх үзүүлэлттэй хараахан эн зэрэгцэхгүй. Мөн У.Хүрэлсүх өнөөдрийг хүртэл ерөнхий нарийн бичгийн дарга, дарга гээд намынхаа дээд албан тушаалыг хашиж ирсэн юм.
ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ ТӨРХӨМДӨӨ БУЦАХ УУ
Хэрэв эрх баригчдын эхлүүлсэн шинэчлэл эргэж буцахад хүрвэл тэрбээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн үндсэн гурван эрх мэдлийн байгууллагад хамгийн нөлөө бүхий түвшинд хүрч ажилласан нэгэн байх болно. Мэдээж манай Үндсэн хуульд, цаасан дээр шүүх эрх мэдэл бие даасан, хараат бусаар ажилладаг мэт харагддаг. Харин бодит байдал үүнээс өөр, Ерөнхийлөгчийн институц, тэр албанд сонгогдон ажиллаж буй хувь хүний нөлөө их болохыг дээр, дооргүй хэлж ирсэн. Тиймээс ч Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүд оруулан, улмаар Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, мөрдөж эхлээд буй. Гэтэл шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөллийг багасгаж, зарим талаар ор мөргүй үгүй хийсэн заалтуудыг нь Цэц Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, түдгэлзүүлчихсэн. Үүнийг нь УИХ хүлээж аваагүй. Удахгүй Үндсэн хуулийн цэц хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Цэцийн тухайд дунд суудлын хуралдааны буюу өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн шийдвэрийг их суудлаараа гаргасан удаа үгүй. Эндээс харвал шүүхийг шинэчлэх найдвар тээж буй зохицуулалтууд төрхөмдөө буцаж, У.Хүрэлсүх урьд нь ажиллаж байсан Ерөнхийлөгч нарын нэгэн адил эрх мэдлийн энэ салаа мөчирт нөлөөтэй үлдэж болохоор байна.
Сануулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь томилоход Ерөнхийлөгчийн оролцоог Шүүхийн тухай хуулиар хязгаарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэй ажиллаж ирсэн. Тэднийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг, нэг хүн санал болгосныг Ерөнхийлөгч томилж байлаа. Одоо уг зөвлөлийг 10 хүний бүрэлдэхүүнтэй болгох гэж буй. Тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилохоор хэдийн ажлаа эхэлчихсэн байв. Парламентаас томилох эдгээр таван гишүүнийг “шүүгч бус” хэмээн хуульд тодорхойлсон бөгөөд сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг хариуцна. Үндсэндээ Шүүхийн ерөнхий зөвлөлд таван хүн томилж байсан Ерөнхийлөгчийн эрхийг УИХ өөртөө авахаар хуульчилсан гэж хэлж болно. Нөгөө тав буюу шүүгч гишүүдийг хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр хүнийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох тул Ерөнхийлөгчид ямар ч хамаагүй гэсэн үг.
Шүүхийн сахилгын хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй. Өмнө нь Ёс зүйн хороо нэртэйгээр ажиллаж байхад Ерөнхийлөгч даргыг нь томилохоос авхуулаад ажиллах дүрмийг нь хүртэл баталдаг байв. Төрийн тэргүүний эл эрх, оролцоог бас л хумьсан. Гишүүдийг нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурав, гурван хүнийг нэр дэвшүүлдэг байсан юм. Харин одоо тавыг (шүүгч бус) нь дээрхийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилохоор мөн л бэлтгэл ажилдаа орчихсон. Бусдыг нь хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож тодруулах ёстой.
УИХ-ын сонгуульд намаа удирдан орохдоо “Шударга ёсны тэмцэл үргэлжилнэ” хэмээн амлаж, үнэмлэхүй олонхын суудал авсан У.Хүрэлсүх шүүх засаглалын хараат бус байдлыг хүндэтгэж, нөлөөлөхгүй байж чадах, эсэхийг түүний ирэх зургаан жилийн замнал харуулна.
ХҮН НЬ ШИНЭ, ХУУЛЬ НЬ ХУУЧИН
Тэр бол бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх анхны Ерөнхийлөгч. Мөн өмнөх Төрийн тэргүүнүүдээс хамгийн “хүчгүй” нь ч байж магадгүй. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн “Эцэг хууль”-д заасан хүрээнд хуулиар олгож болохоор тусгасан. Улмаар үүнд нийцүүлэн Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх ёстой. Ингэхдээ Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгоогүй олон эрхийг бусад хуулиар эдэлж байгаа нь гажуудал үүсгэх шалтгаан гэж үзсэн учраас олон хязгаарлалт түүнд ирэхээр буй. Гэвч эрх баригчид үүнийг Үндсэн хуулийн шинэчлэлийн үзэл санаанд нийцүүлэн хийж чадах уу. Урьдын адил Ерөнхийлөгч нь бүх зүйлд хутгалддаг хэвээр үлдээх үү гэдгийг нь харах л үлдэв.
Нөгөө талаас олон нийтээс санал авч буй Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараа хэд хэдэн хязгаарлалт тавихаар тусгасан. Тэдгээрийн нэг нь төслийн 23.1-т “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсвэл нам байгуулах, гишүүнээр элсэхийг хориглоно” гэх заалт юм. Хэрэв энэ заалтыг тэр чигээр нь баталбал албаа өгч буй Ерөнхийлөгч Х.Баттулгагүйгээр АН-ын ирээдүйг таамаглахад хүрнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиас ч өмнө тэрбээр АН дахь нөлөө, оролцоогоо бэхжүүлэх алхмууд хийж ирснийг үгүйсгэх аргагүй. Үнэндээ АН-ын өнөөгийн хагарал, бутралын нэг талд Х.Баттулга тэргүүтэй хүмүүс бий гэдэг нь ч оргүй зүйл биш. Цаашлаад түүнийг ирэх намар болох УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө гэх яриа ч гарсан. Тэгж яривал энэ зохицуулалт 2017 онд халаагаа өгсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч хамаатай байхаар буй. Тэрбээр сүүлийн үед улс төрийн амьдрал, намынхаа шинэчлэлд нэлээд идэвхтэй оролцох болсон. Хамгийн сүүлд гэхэд л С.Эрдэнийн гэгдэх АН-ынхны байгуулсан Зөвлөхүүдийн танхимын гишүүн болж, М.Тулгат тэргүүтэй удирдлагад нь зөвлөмж, чиглэл өгч байгаагаа мэдээлсэн.
Тэгвэл энэ мэт яриа, таамаглалыг нэг тийш болгох зүйл нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчлэл. Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших эрхийг хаасан шигээ ирэх таван жил улс төрийн амьдралд ил гарч ирэхээргүй болгох хүсэл эрх баригчдад үнэхээр байгаа бол эл хуулийг ойрын үед батлах нь тодорхой. Наадмаас өмнө буюу УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганаар үгүй юм гэхэд найм, есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаад ч болов Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн батлах эрх нь тэдэнд бий. Гагцхүү энэ үед нь Х.Баттулгын, бас Ц.Элбэгдоржийн эрхийг хязгаарлаж, У.Хүрэлсүхийнхийг нэмэх, эсэхийг гярхай ажиглаж, ам асуух үүрэг бидэнд ирж байх шиг.
- 23 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалт
- 23.1 Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
- 23.2 Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
- 23.3 Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
- 23.4 Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслөөс