УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Цар тахлын тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн, нэг тэрбум төгрөгөөр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн төсөл, онцгой албан татварын, хүний хувийн мэдээллийг хамгаалах төсөл гэхчлэн анхаарал татсан хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийж буй.
Энэ үеэр коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээг төлбөртэй авч байгаа талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Халдварыг илрүүлэх ПСР шинжилгээний талаар бодиттой хариулт өгмөөр байна. Иргэдээс төлбөртэй шинжилгээ авч байгаан нь үнэн шүү дээ. ПСР шинжилгээг үнэгүй авч байгаа гэж С.Энхболд сайд та яагаад худлаа хэлж байна вэ. УИХ дээр ийм хариуцлагагүй юм ярьж болдог юм уу?" гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ "Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй. Төлбөртэй авч байгаа газрууд бол хувийн хэвшлийнхэн. PCR шинжилгээний зардлыг Засгийн газар хариуцаад явж байна. Дунджаар өдөрт арван мянган хүнд шинжилгээ хийгдэж байгаа. Өдөрт гарч буй зардлын тухайд хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд таван зуун сая төгрөг болдог.
Хувийн хэвшлийн арван лабораторид PCR шинжилгээг төлбөртэй авч байна. 2021 оны нэг, хоёрдугаар улиралд Засгийн газраас 13 тэрбум төгрөгийг эмч нарын цалин урамшууллыг олгосон байгаа. Мөн төсвийн тодотголоор дахин улаан бүсэд ажиллагсад буюу нийтдээ 13 мянган хүний цалинг нэмэлт тодотголоор оруулж батлуулахаар хэлэлцэгдээд явж байна" гэж хэлэв.