Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсаны 5 жилийн ойн хүрээнд Монголын талаас зохион байгуулах “Монгол Японы ЭЗТХ-ийн цахим форум, үзэсгэлэн 2021” маргааш эхэлнэ. Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, "Экспорт Олон улсын худалдааны төв" ТББ-ууд хамтран Монгол, Японы бизнес уулзалт, үзэсгэлэнг 5 дахь удаагаа хамтран зохион байгуулж буй нь энэ. Энэ жилийн үзэсгэлэн, форум анх удаа цахимаар болж буйгаараа онцлогтой.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний 5 жилийн ойд зориулсан цахим форум, үзэсгэлэнгийн үеэр хүнс, ХАА, хүнд, хөнгөн үйлдвэр, ЖДҮ, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд оролцож, Монголын үндэсний үйлдвэрлэгчид хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ Японы иргэд, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд танилцуулах юм. Энэ бол цар тахлын үед багагүй бэрхшээл туулж буй Монголын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон боломж юм.
Эл цахим форум, үзэсгэлэн 2021 оны зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.exportmongolia.org цахим талбарт үргэлжилнэ. 10 хоногийн хөтөлбөрийн хүрээнд олон чухал уулзалтууд төлөвлөгдсөнөөс зургаадугаар сарын 25-нд Японы талаас "Жетро" байгууллагын зохион байгуулж буй Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар “Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохдоо ЭЗТХ-ийг ашиглах нь” сэдвийн хүрээнд болно. Эл семинарт Японы талаас өндөр ач холбогдол өгч, экспортыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд Монголын бизнес эрхлэгчид өргөнөөр хамрагдах боломжтой.
Мөн зургаадугаар сарын 28-аас эхлээд өдөр бүр Хүнс , Хөнгөн, Аялал жуулчлал, Мэдээллийн технологи ХАА, Жижиг дунд гээд салбар салбарын танилцуулга уулзалтуудыг зохион байгуулж, Монголын компаниуд Японы бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, тэдэнтэй цахимаар уулзахаар бэлтгэж байна.
Цахим форумын гол зорилго нь, Монгол, Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох, ЭЗТХ-ийн бодит үр дүнг бий болгож, Япон руу чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, Бизнес эрхлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь гадаад зах зээлд сурталчлан таниулах юм.