УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Хараалын үг хэлбэл торгоно” гэсэн үг, өгүүлбэр алга. Соёлын тухай хуулийг шинэчилж буй сургаар ийм заалт оруулаасай гэж хүссэн хэн нэгэн, аль эсвэл хуулиас дорвитой өгөөж нэхсэн нь магадгүй ёгтолж, бусдын янз байдлыг үзэх гэж цуурхал тараасан байх магадлалтай. Гарал үүсэл нь тодорхойгүй явган яриа юутай ч олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд хараалын үгийг “баруун, солгойгүй” урсгаж дадсан хүмүүсийн чих илүүтэй сортолзох шиг болсон. Энэ ч яах вэ, нэг өдөр болоод өнгөрсөн явдал. Харин УИХ-д анхны хэлэлцүүлгийг даваад буй шинэчлэн найруулсан Соёлын тухай хууль ямар дэвшил авчрах бол.
…Соёлын тухай хуулийг иргэдээ, ялангуяа хүүхэд, залуусаа хүн шиг хүн байлгаж, эх болсон энэ орон, улс, үндэстнээ гэх сэтгэлтэй, оршихуйгаараа ондоо үндэстнээс ялгарсан, орчин цагийн шинэ монголчууд байлгахад чиглүүлээсэй хэмээн хүснэ. Саяхан “Жиргээ”-нд нэгэн залуу “Хил давлаа л бол хэнтэй ч харилцах аргагүй монгол хэлээр яах юм бэ” гэж бичсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Соёлын тухай хууль боловсруулагчид, УИХ-ын гишүүд энэ залууд хуулиар хариу өгөөч…
Хуулийг УИХ-д “хамгаалсан” ажлын хэсгийнхний хариултаас болон төслөөс “Зүйтэй. Ийм л зохицуулалт хэрэгтэй байсан юм” гэхээр зүйл, заалт хараахан олсонгүй. Уг хуулийг 1996 онд баталж, түүнээс хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм байна. Юу нь болохгүй, эс бөгөөс дутуу байсан болохоор ийм олон удаа дахин гар хүрсэн юм бол. Мэдээж, хууль нь органик юм болохоор цаг үеийн байдал, бусад хуультай уялдуулах үүднээс засаж, залруулж ирсэн байх. Өдгөө хэлэлцүүлж эхэлсэн, УИХ-ын гишүүд ёс болгон асуулт тавьж, хариулт аваад, бүгд “эерэг” товчлуур дараад батлах нь тодорхой төслөөс юу хайсан болоод дорвитой дэвшил авчрах юм болов уу хэмээв. Олон хүн мэдлэг, чадвар, цаг заваа зориулан ажилласан эрх зүйн баримт бичигт юунд нь сэтгэл дундуур байна вэ гэж үү.
Хуулийн зорилт нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын үүрэг, эрх, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх нийтлэг харилцааг зохицуулахад орших аж. Уг хуулиар зохицуулах соёлын ямар ямар үйл ажиллагаа байна вэ. Соёлын өвийг ашиглах, судлах, хамгаалах, номын сангийн үйлчилгээ, ном, утга зохиолын болон хөгжмийн урлагийн бүтээл туурвих, үйлдвэрлэх, түгээхтэй холбоотой харилцааг тусгажээ. Мөн тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, визуал урлаг, дүрслэх урлаг, уран сайхны гэрэл зураг, гар урлал, хэрэглээний урлагийн бүтээл туурвих, түгээх, кино урлаг, дуу, дүрсний уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, наадам зохион байгуулахтай холбоотой зүйл заалтууд бий. Үүнээс гадна соёлын боловсрол олгох, соёл судлал, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа, соёлын өвийг хамгаалахтай, номын сангийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа байх аж.
Жагсаалтад визуал урлаг, соёлын боловсрол гэх зэрэг ухагдахуун нэмэгдсэн байна. Аливаа хуульд нийгмийн харилцаан дахь цаг үеийн өөрчлөлт, уялдуулан зохицуулах шаардлагуудыг тусгах нь зүй тогтол тул ийнхүү багтаасан биз ээ. Мөн кино урлагтай холбоотой харилцааг Кино урлагийг дэмжих тухай, музейн үйл ажиллагаатай холбоотой бол Музейн тухай хуулиар гэх зэргээр нарийвчлан зохицуулахыг тодотгосон нь ойлгомжтой байв.
Шинэчилсэн найруулгад буй соёлын боловсрол гэсэн зүйл анхаарал татаж байна. Энэ нь иргэнийг соён гэгээрүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, соёлын үнэт зүйлийг хайрлан хамгаалах сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэж буй. Уг чиглэлээрх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлах юм байна. Хөтөлбөр хараахан гараагүй тул өнөөдөр ийм тийм гэж хэлэх аргагүй. Чухам ямар ямар арга хэмжээг хэрхэн явуулж, олон нийтийг соён гэгээрүүлж, эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх бол. Энэхүү хуулийг шинэчлэх шаардлагын гол, цөм ойлголт нь бүхий л зүйл, заалтын үйлчлэлийн үр дүнд өгөөжөө өгөх, монгол хүнийг монголоор нь, Монгол Улсыг Монголоор нь хөгжүүлэх ухааныг олох байсан болов уу хэмээн санах юм. Хуулийг баталсны дараа Засгийн газраас боловсруулах хөтөлбөрүүд нь эдүгээгийн хуулийн шинэчилсэн найруулгаас хайгаад байгаа “ухаан”-ыг бүрдүүлэх байх хэмээн найдна. Ажлын хэсгийнхэн “Соёл гэдэг бол өргөн ойлголт. Тодорхойлолт ч олон. Бидний олж мэдсэнээр бүр 22 байдаг юм байна” хэмээн хэлсэн. Хууль боловсруулагчид тэр олон “салаа зам”-ын алинаар явж, “аялж” уг хуулиа шинэчилсэн юм бол. УИХ-ын түвшинд лав энэ тухай гүнд нь ортол асууж лавлан, ухаж төнхсөн хүн үгүй. Хууль “хамгаалагчид”-аас ч яв цав тайлбарлаагүй. Энэ мэт байдлаас харахад Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад урьдын адил “Салбарынхан нь мэдэж байгаа байлгүй” гэсэн байдлаар хандан, “ногоон гэрэл”-ээр батлах янзтай.
Түүх хуучраагүй. 2016 онд Соёлын яам байгуулснаа төд удалгүй татан буулгах болж, асуудлыг УИХ-аар хэлэлцсэн юм. Тэгэхэд ийм яамтай байх нь зөв гэж дуугарч байсан гишүүдийг бараг л “Чаддаг юм бол яагаад гэдэгт хариул. Үндэслэлийг нь ойлгомжтой хэл” гэхэд тухайн үеийн УИХ-ын гишүүдийн ой тоонд ортол хариулах парламентч олдоогүй юм. Л.Болд гишүүн “Манайх уугуул соёлтой үндэстэн бөгөөд түүгээрээ бусдаас ялгардаг юм, цаашид ч улсаа энэ язгуур ойлголтод тулгуурлаж хөгжүүлэх ёстой гэж үзвэл бодлогыг Соёлын яамаар дамжуулж хэрэгжүүлэх учиртай” гэж хариулсан нь ончтой байв. Хэлсэн үгийг нь ягштал санахгүй байна. Утга бол ийм. УИХ-ын тэр хуралдааныг шууд дамжуулж байсан бөгөөд зурагтаа үзэж суусан урлагийн зүтгэлтэн эмэгтэй зурвас илгээн “Соёлын яамыг татан буулгаж болохгүй шалтгааныг гялс хэлээд өгөөч. Хуралдааны танхимд суугаа гишүүнд дамжуулах гэсэн юм” гэж билээ. Яах учраа олохгүй байсан ч чадан ядан хэдэн өгүүлбэр холбоод явуулсан сан. Соёлын тухай хуулийн үзэл санаа, энэ тухай ойлголт манай улсад аль ч түвшинд иймэрхүү хоёрдогч, магадгүй гуравдагч байдалтай байсаар ирсэн. Яамыг дахин байгуулаад буй өнөө үед Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг зорилтоос нь эхлээд харахад үзэл санааны хувьд илт дээрдсэн нь үгүй гэхээр.
Соёлын үйлдвэрлэл гэсэн бүлэг бий. Үүгээр соёлын байгууллагын удирдлагууд олон жилийн турш ярьж, бичин, хэлэлцэж ирсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн ойлголтыг хуулийн хүрээнд хөдөлгөөнгүйгээр зоож өгснөөр ач холбогдолтойн зэрэгцээ дэлгэрүүлж авч үзвээс бизнесийн утга, зорилго ил. Монгол соёлд суурилсан бүтээл, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд амжилттай худалдан борлуулж орлого, ашиг чамгүй олбоос түүнийг юунд, хэрхэн зарцуулах тухай нь тодорхой заасан бол бас ойлгомжтой байх байлаа. Соёлын асуудал, хуульд ашиг, орлого талаас харж, өөрөөр хэлбэл, олны дунд улиг болсон уулын толгой бус, өөрсдийнхөө толгойг ухаж, мөнгө болгох өнцгөөс хандах нь буруу биш байх. Цаг нь ирсэн ч байж магад. Гэхдээ монгол соёлын дахин давтагдашгүй элементүүдийг шингээсэн бүтээл, бүтээгдэхүүнийг хэдхэн хүн гадаад зах зээлд гаргаж ашиг олох хэрэгсэл болгох вий гэсэн болгоомжлол байна. Олон мянган жилийн түүх, авшигтай соёлынхоо үр шимийг дотооддоо, иргэдийнхээ хүртээл хэрхэн болгох талд юуны өмнө, илүүтэй анхаарах нь зөв мэт. Дээр дурдсанчлан хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах Засгийн газрын хөтөлбөрүүд энэ талын гол хөшүүрэг, механизм байх болтугай. Цаг үе харуулах буй за.
Хуульд “Соёлын агент” гэж байх тухай заажээ. Соёлын ажилтныг олон улсын түвшинд соёлын үйл ажиллагаанд оролцуулах, санал болгох, түүний ашиг сонирхлыг төлөөлөн хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, менежментийн үүрэг гүйцэтгэх үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг соёлын агент гэх аж. Хэн нэгэн, эсвэл байгууллага соёлын ажилтан буюу одоогийнхоор бол уран бүтээлчийг олон улсын түвшинд гаргаж, авьяас, ур чадварыг нь үнэлүүлэх цаг үеийн шаардлагаар ийм заалт оруулсан байх. Зөвхөн уран бүтээлчид биш, тухайлбал, номын санчид, хэвлэлийнхэнд ч менежмент талаас туслах, гэрээний хүрээнд хамтарч ажиллах шаардлага гарна хэмээн соёлын ажилтан гэж томьёолсон болов уу, буруу ч биш байх.
Хуульд “Соёлын үйл ажиллагаанд тавих хяналт, хязгаарлалт” гэдэг бүлэг бий. Үүнд байгаа “Соёлын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллага, соёлын хяналтын улсын байцаагч хяналт тавина” гэсэн заалтад олон нийтийн зүгээс “Бас юун байцаагч вэ. Бас нэг орон тоо, дарамт, авлига нэмэгдэх нь” гэсэн байдлаар хандаж буй юм.
Соёлын тухай хуулийг иргэдээ, ялангуяа хүүхэд, залуусаа хүн шиг хүн байлгаж, эх болсон энэ орон, улс, үндэстнээ гэх сэтгэлтэй, оршихуйгаараа ондоо үндэстнээс ялгарсан, орчин цагийн шинэ монголчууд байлгахад чиглүүлээсэй хэмээн хүснэ. Саяхан “Жиргээ”-д нэгэн залуу “Хил давлаа л бол хэнтэй ч харилцах аргагүй монгол хэлээр яах юм бэ” гэж бичсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Соёлын тухай хууль боловсруулагчид, УИХ-ын гишүүд энэ залууд хуулиар хариу өгөөч.