Улсын хэмжээнд энэ онд 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 368.3 мянган га-д улаан буудай, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 4.3 мянган га-д жимс, жимсгэнэ гээд нийт 527.8 мянган га-д тариалалт хийх зорилт тавин ажилласан. Тэгвэл өчигдрийн байдлаар 536.6 мянган га-д тариалалт хийгээд байв. Тодруулбал, үр тарианы тариалалт 104.5, үүнээс улаан буудайнх 103.2, төмснийх 87.1, хүнсний ногооных 81.3, малын тэжээлийнх 57.7, тосны ургамлынх 164.2 хувьд хүрчээ. Буудайн соёололт сайн үнэлгээтэй гарсан бөгөөд тариалангийн бүс нутагт чийг их байсантай энэ нь холбоотой аж. Хэдийгээр цаг агаар бага зэрэг сэрүүхэн ч чийг хангалттай хэмжээнд байсан учраас таримлын өсөлт хөгжил, ургалтад эергээр нөлөөлжээ. Улмаар намар төлөвлөсөн хэмжээний ургац авах боломж бүрдсэнийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Өдгөө буудайн талбайд ургамал хамгааллын арга хэмжээ авч, өсөлтийг нь идэвхжүүлдэг органик бордоо ашиглаж, хортноос хамгаалах ажил хийж буй гэнэ. Ташрамд дурдахад, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд арилжааны банкуудын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн, хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу тариалан бүхий 768 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. Тэдгээрээс 316 иргэн, аж ахуйн нэгжид 38.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж.