Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг, “Өлзийт” шалган нэвтрүүлэх цэгээр гарахаар явж байсан ачааны машиныг тэнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн ажилтнууд болон холбогдох байгууллагынхан хамтран шалгаад дэрвэгэр жиргэрүү их хэмжээгээр тээвэрлэж явсныг нь илрүүлжээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн, 32 настай Б.Э 45 шуудай буюу 502.5 кг ургамал аваад нутаг руугаа зорьж байсан гэнэ. Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаатай буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл судалгаа шинжилгээний зориулалтаас өөрөөр түүж бэлтгэхийг хориглосон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/282 дугаар тушаалын хавсралтад нэг кг дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50 000 төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан. Тэгэхээр хагас тн дэрвэгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нэлээд өндөр гарах биз ээ.