Байт харвааны олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Парис хотноо үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Олон Улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг "Токио-2020" зуны олимпын наадамд оролцох эрхээ авчээ. Тэрбээр эхний тойрогт Швейцарь, Казахстаны тамирчдыг 6:0-ээр ялсан. Харин хагас шигшээд Узбекистаны тамирчин Зиёдаконд 6:4-өөр хожигдсон ч онооны чанараар V байрт орж, олимпын эрхийн болзол хангажээ. Ташрамд дурдахад, Б.Урантунгалаг тамирчин өмнө нь Лондоны олимпод цэц сорьж байсан юм.