- Б.Пүрэвдорж: -Чи Хятадын компанийг хөөж гаргаад, өөрөө гэрээ хийгээд, *ааж байгаа биз дээ.
- Г.Дамдинням: -Битгий *аа.
- Г.Занданшатар: -За за (алхаа балбана)
- Б.Пүрэвдорж: -Чам шиг 33 тэрбум төгрөгийн хулгай хийгээгүй. Би хэнийг ч мөргөөгүй, гэмтээгээгүй. Би зүгээр л авто осол хийсэн.
- Г.Дамдинням: -Чи архиа уугаад, зүгээр явж бай.
- Б.Пүрэвдорж: -Чам шиг хулгай хийхгүй.
- Г.Занданшатар: -Хоёр гишүүн ээ, хуралдаан явуулах боломж олго, чимээгүй байцгаа. Албадан гаргана шүү. Г.Дамдинням гишүүн больчих. Б.Пүрэвдорж гишүүн ээ, больчих.
- Г.Дамдинням: -Чи битгий нис за.
Эрхэм гишүүд эрүүлдээ, эфирээр гарч байхдаа ингэж хэрэлдсэн юм. Манай түшээдийн зарим нь УИХ-ын чуулганд согтуу сууж, солиотой хүн шиг аашилж байсан учраас ийн тодотгов.
Хэрэв УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ажлаа хийсэн сэн бол ийм хэрүүл болох байсан уу гэдгийг бас бодоод үзээрэй. Ер нь бол Б.Пүрэвдорж гишүүн согтуугаар автомашин жолоодож, осол гаргасныг Г.Дамдинням гишүүн сөхөж, ёжилсноос энэ хэрүүл үүдэлтэй.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг муу боловсруулсан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийхдээ ч олон алдаа гаргасан гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн шүүмжилсний хариуд тус байнгын хорооны дарга Г.Дамдинням “Манай зарим гишүүн сансарт нисээд, зарим зүйлээ мартаж, санадаг болчихсон юм шиг байна. Өөрөө бас ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй болохоор энэ асуудлыг мэдэрдэггүй бололтой. “Нисээд” завгүй байдаг биз” хэмээснээс тэдний хэрүүл эхэлсэн. “Сансарт нисээд” гэдэг нь Б.Пүрэвдорж гишүүн осол гаргахдаа автомашинтайгаа замын хашлага давсан байсныг хэлж буй хэрэг.
Магадгүй Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо гишүүнийхээ хууль, дүрэм зөрчсөн үйлдлийг хэлэлцэж, анхааруулан сануулж, зохих арга хэмжээ авсан бол түшээд нэг нэгнийгээ хэмлэж, хэрэлдээд суухгүй байсан биз. Ядаж л Б.Пүрэвдорж гишүүн хуулийн болоод ёс зүйн ийм ийм хариуцлага хүлээсэн гэдгээ хэлээд, додигор суух байсан нь лавтай. Гэхдээ мань гишүүн “Би зүгээр л авто осол хийсэн” гэж хээвнэг хэлээд, хүн алж, хулгай хийгээгүй хэмээн нөгөөхөөсөө илүүрхэх гэж ядав. Үнэндээ өнгөрсөн дөрөвдүгээр сард ноцтой осол гаргасныхаа төлөө тэрбээр “Би хариуцлагагүй үйлдэл хийж, зам, тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг нь төлсөн. Цагдаа, эмч, онцгой байдлын албаныханд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй” гэж хэлээд л дуулианыг дарсан. Хариуцсан байнгын хороо нь ч хайхралгүй өнөөдрийг хүргэв.
Угтаа УИХ-ын гишүүд хаана ч биеэ зөв авч явж, үлгэр жишээ үзүүлэх ёстой. Ёс зүйн дүрэмд нь ч “ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх”-аар заасан. Эл дүрмийн заалт бүрийн биелэлтэд хяналт тавих үүрэг нь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооных. Ёс зүйн дэд хороо байхад ч ийм л үүрэг хүлээж байв. Харин ч байнгын хороо болж томорсных, энэ үүргээ илүү сайн биелүүлж, өмнөхөөсөө өргөн хүрээнд, далайцтай, санаачилгатай ажиллах ёстой атал таг чиг. “Сахил хүртээд шал дордов” гэдгийн үлгэр болов.
Үүнээс гадна УИХ-ын чуулганы хуралдааны дэг сахиулах, парламентыг үл хүндэтгэсэн үйлдэлд хяналт тавих тэдэнд үүрэг ч бий. Өнгөрсөн баасан гарагт Б.Пүрэвдорж, Г.Дамдинням нар барилцаж авахаас наагуур аашилж, биесээ чичилж байхад байнгын хороо нь ч, парламентын дарга нь ч бүлх залгисан мэт чимээгүй. Төрийн эрх барих дээд байгууллагад түмнийг төлөөлөн суусан хууль тогтоогчид атлаа хулигаан шиг авирлах тэдний үүсгэсэн асуудлыг хэзээ хэлэлцэж, хариуцлага тооцох вэ, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ээ. Тухайн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дарга Г.Занданшатар ч дэг зөрчсөн, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан хоёр гишүүнээс хэрүүлээ зогсоохыг олигтойхон шаардаж чадсангүй. Хий дэмий алхаа балбаж суухын оронд манай, танай намын гэлгүй хоёр гишүүнд танхимыг орхин гарахыг үүрэг болгож, хуралдаанд оролцох эрхийг нь тодорхой хугацаанд хасах бүрэн эрхтэй спикер шүү дээ. Өнгөрсөн онд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Б.Пүрэвдорж гишүүнийг дэг зөрчсөн хэмээн үзэж, хуралдаанд оролцох эрхийг нь долоо хоног хассан удаатай. Тухайн үед гишүүн Б.Пүрэвдорж “Засгийн газар “Ковид”-ыг далимдуулан сонгуулийн санал худалдаж авах ажил хийсэн. Хүүхдийн мөнгө, хүнсний талон, ноолуурын урамшууллаар санал худалдаж авлаа” гэж хэлснийхээ төлөө тус хуралдааныг даргалж байсан дэд дарга Т.Аюурсайханаас ийм шийтгэл авч байлаа.
Нөгөө талаас гишүүн Г.Дамдинням соёлын асуудал хариуцсан байнгын хороог удирдаж байгаа хүний хувьд соёлгүй гэж хэлэхэд ч гоёдом, бүдүүлэг авирласныг нь заавал авч хэлэлцэх учиртай. Гудамжинд сонсохоос ч жийрхдэг хараалын үгийг танхимд том дуугаар хашхиран хэлдэг хүнээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог хойшид удирдуулах нь зүйтэй юү гэдгийг ярих ёстой. Түүнчлэн Г.Дамдинням Хөгжлийн банкнаас нэр бүхий гишүүдийн хамт 33 тэрбум төгрөгийн зээл авсан нь ёс зүйтэй үйлдэл мөн, эсэх талаар хариуцсан байнгын хороо нь дүгнэлт гаргачих хэрэгтэй. Б.Бат-Эрдэнэ дарга хөдлөхгүй байгаа бол муу, сөрөг зүйлтэй нэр холбогдсон гишүүд санаачилгаараа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд хандаад шалгуулчих учиртай. Үүний оронд “хулгайч” гэж дуудуулаад, хэрэлдэж, уралцаад явбал харин ч “но”-той биш гэж үү.
Ер нь бол гишүүдийнх нь байгаагаас харвал энэ байнгын хорооныхон өдөр, шөнөгүй ажиллаад ч барагдахааргүй их ажилтай баймаар. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Энэ нь анхны үйлдэл биш гэдгийг хэвлэл мэдээллийнхэн төдийгүй, ойр тойрныхон нь хэлж байна. Үүнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хэлэлцэхгүй бололтой, таг чиг. Гэтэл гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бодлогын бүхий л асуудлыг хариуцсан байнгын хороог гишүүн Ж.Мөнхбат даргалж байна. Бас болоогүй ээ, энэ хүн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн юм билээ. Эхнэртээ эр бяраа гаргадаг нөхөр Нийгмийн бодлогын байнгын хороог удирдаж, бусдынхаа ёс зүй, сахилга хариуцлагыг шүүн, дэнслэх эрхтэй юм уу.
Хууль тогтоох байгууллага дахь хүчирхийлэгч нэгээр тогтохгүй. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эмэгтэйчүүдийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн талаар амтай болгон ярьж байхад хариуцсан байнгын хороо нь чимээгүй л байсан. Парламентад нэр дэвшүүлсэн нам нь түүнээс татгалзах шийдвэрээ гаргачихаад байхад ч Б.Бат-Эрдэнэ даргатай байнгын хороо таг чиг.
Энэ мэтчилэн хууль тогтоогчид хулигаан шиг авирлаж байхад хариуцлага тооцохгүй юм уу, Б.Бат-Эрдэнэ дарга аа. Үгүй бол байнгын хороог нь татан буулгачих, УИХ-ын дарга аа. “Танилын нүүр халуун” гэдэгчлэн тохой нийлүүлэн суудаг гишүүддээ шаардлага тавьж, хариуцлага тооцож чадахгүй байгаа бол түшээдийн ёс зүйг түмэн олны төлөөлөөс бүрдүүлж, Төрийн ордны гаднаас хянуулбал яасан юм бэ.
18 ДУГААР ЗҮЙЛ. ХУРАЛДААНЫ ДЭГ ЗӨРЧСӨН ГИШҮҮНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
18.1.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:
- 18.1.1.сануулах;
- 18.1.2.хуралдаанд үг хэлэх эрхийг хасах;
- 18.1.3.хуралдааны танхимыг орхин гарахыг үүрэг болгох;
- 18.1.4.хуралдаанд оролцох эрхийг хасах.
- 18.2.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуулт асуух, үг хэлэх, зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүний үгийг тасалж, эхний удаа сануулж, дараагийн авах арга хэмжээний талаар анхааруулна.
- 18.3.Гишүүн эхний удаа өгсөн сануулгыг биелүүлээгүй бол хуралдаан даргалагч гишүүний үг хэлэх эрхийг хасаж, тухайн асуудлын хэлэлцүүлгийн явцад дахин үг хэлэх эрх олгохгүй.
- 18.4.Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна.
- 18.5.Гишүүн хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахихыг сануулсан шаардлагыг үл биелүүлж, бусад гишүүний асуулт асуух, үг хэлэх, саналаа өгөх эрхэд саад учруулах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг тухайн асуудлыг хэлэлцэж дуустал хуралдааны танхимаас гаргана.
- 18.6.Энэ хуулийн 18.5-д заасан хариуцлага хүлээсэн гишүүн хуралдааны танхимыг нэн даруй орхин гарах үүрэгтэй бөгөөд гишүүн хуралдааны танхимыг нэн даруй орхин гараагүй нь тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах хариуцлага оногдуулах үндэслэл болно.
- 18.7.Гишүүн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан хугацаанд хуралдаанд оролцох эрхгүй.
- 18.8.Энэ хуулийн 18.6-д заасны дагуу тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч тухайн зөрчилтэй нь холбогдуулан уг гишүүний хуралдаанд оролцох эрхийг гурав хүртэл удаа хасаж болно.
- 18.9.Зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь нэгдсэн болон тухайн байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хамаарна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас