Ханхүү Харри болон Меган Маркл нарын хүү Арчигийн ханхүү цол хэргэмийг хураах шийдвэрээ Хунтайж Чарльз гаргасан бололтой. "Daily Mail" энэ тухайн мэдээлжээ.
Их Британийн хааны сэнтийд залрах жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн хунтайж Чарльз өөрийн ач хүү Арчид хаан ширээнд залрах эрх олгосон хууль эрх зүйн гол баримт бичигт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байна. Чарльз хаан ширээнд заларсныхаа дараа гэр бүлийн гишүүдийн тоог цомхтгохоор шийдсэнээ хааны гэр бүлийг тэтгэхэд татвар төлөгчдийн маш их хөрөнгө зарцуулдагтай холбон тайлбарлаж байна.
Дээрх хэвлэлд бичсэнээр эл шийдвэрийн улмаас Харри, Меган хоёр хийгээд хааны гэр бүлийн бусад гишүүдийн харилцаа эрс мууджээ.
Суссексийн гүн Харри гүнгийн авхай Меган Маркл нарын хүү Арчи нь одоогийн байдлаар Их Британийн хаан ширээнд залрах жагсаалтын долоод бичигдэж байгаа аж.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хунтайж Харри, Меган Маркл нар хааны гэр бүлийн тэргүүн гишүүдийн үүргээсээ татгалзан АНУ-д ажиллаж амьдрахаар явсан юм.