Цагдаагийн алба хаагч иргэнтэй зүй бусаар харьцсан гэх мэдээлэл “Бор-Өндөр-Хот хоорондын такси” цахим группд өчигдөр нийтлэгдсэн. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын IV багийн шалган нэвтрүүлэх цэгт 52 настай иргэн Д улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан тул цагдаагийн алба хаагчид зогсоож, шалгасан. Иргэн Д тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын үнэмлэхгүй байсан тул 200 мянган төгрөгөөр торгох, цагдаагийн хэлтэс рүү авч явах, мөн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх талаар тайлбарлаж, шаардлага тавихад эсэргүүцсэн тул хуульд заасны дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Мөн өшиглөж, бэлэн мөнгө авчирч өг гэж хэлээгүй" гэлээ. Ташрамд дурдахад, эл мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулсан иргэн “Э” нь цагдаагийн алба хаагчийн биед халдаж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдэл хяналтын камерт бичигдсэн бөгөөд тус аймгийн Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ.