Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлж, албаны хүмүүсээс хариулт авлаа.
С.Бямбацогт: -УИХ өнгөрсөн намрын чуулганаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийг баталсан. Үүнийг хэлэлцэх явцад түүх, соёлын хосгүй үнэт өвийг бүртгэх, хадгалах, хамгаалах талаар нэлээд ярьсан. Монголбанкны зүгээс ч салбарын яам болон түүх, соёлын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллахад дутагдалтай байдгаа хэлсэн л дээ. Түүх, соёлын хосгүй үнэт өвүүд Эрдэнэсийн санд хадгалагддаг ч тэдгээрийг хадгалах, тодорхойлох, бүртгэх, хамгаалах ажлыг энэ хуульд хэрхэн тусгаж, уялдуулсан бэ. Нэг хууль батлахдаа нөгөөг нь үгүйсгэж таарахгүй.
Г.Мөнхцэцэг (Ажлын хэсгийн ахлагч): -Соёлын өвийн бүртгэлтэй холбоотой үүсдэг асуудлуудыг уг хуулиар зохицуулж байгаа нь онцлог. 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталсан. Соёлын үнэт зүйлсийг бүртгэх стандартыг тодорхойлж, мэдээллийн сантай болгохоор эл төсөлд тусгаад байна.
Ч.Номин (Соёлын сайд): -Соёлын биет болон биет бус өвийг бүрэн бүртгэснээр цаашид хэрхэн хадгалан хамгаалах вэ гэдэгт илүүтэй анхаарах нөхцөл бүрдэнэ. Иймд биет бус өвийг дөрвөн төрлөөр бүртгэх цахим систем нэвтрүүлж байна. Үүнийг иргэдэд мэдлэг болгон ойлгуулах нь чухал учраас энэ чиглэлд анхаарна. Мөн гадаадад байгаа соёлын өвүүдийг бүртгэж, эх орноо сурталчлах талаар тусгасан.
С.Бямбацогт: -Биет бус өвийг бүртгэх, цахимжуулах талаар тодорхой тусгасан байна. Гэхдээ биет өвийг хэрхэх тухай ярихгүй байна шүү. Үүнийг Эрдэнэсийн сангийн тухай хуультай уялдуулахад анхаараарай.
Н.Учрал: -2019 онд өргөн барихад нь төсөлтэй танилцсан. Тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр тусгасанд нь тухайн үед шүүмжлэлтэй хандаж байсан юм. Ажлын хэсэг сайн ажиллажээ. Гэхдээ энэ хууль бусад хуультай уялдахгүй байгаа шүү. Биет бус өвийг яаж үнэлэх нь тодорхой бус байна. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Гэтэл энэ талаар төсөлд огт тусгаагүй. Мөн мэдээллийн нэгдсэн сан байгуулна гэж байгаа ч Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуульд ч ийм заалт бий. Мэдээллийн хоёр сантай болох юм уу гэх мэт асуудал байна. Ер нь Соёлын яам энэ хуулиа хэрэгжүүлж чадах юм уу.
Г.Дамдинням (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга): -Байнгын хорооны түвшинд энэ талаар ярьсан. Соёлын хүрээг тогтоох нь төвөгтэй ажил. Судлаачийн тодорхойлсноор соёл гэдэг нь 1000 гаруй томьёололтой байх жишээтэй. Иймд бид зарчмын хувьд соёлын талаарх төрийн бодлогыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг авч хэлэлцье гэж ярилцсан. Улмаар Соёлын сайдтай ярилцаад, соёлыг эдийн засагжуулах, бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг тусад нь оруулж ирэхээр санал нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль нь салбарын бодлогыг барьж явах “малгай” болох учиртай. Бусад хуулиа энэ хуульд уялдуулна. Таны ярьж буй асуудлуудыг бусад хуульд тусгах юм.
Ж.Батсуурь: -Соёлын яамыг шинээр байгуулж, Соёлын тухай хуулиа хэлэлцэж байгаа нь талархалтай. Сүүлийн жилүүдэд соёлын асуудлууд бүдгэрсэн. Үүний цаана эдийн засгийн сорилт, бэрхшээл бий. Тиймээс дорвитой өөрчлөлт оруулах гэж байгаа бол төсвийнхөө төдөн хувийг соёлын өвийг хамгаалахад зарцуулна хэмээн хуульчилж, эдийн засгийн баталгааг нь бүрдүүлэх шаардлагатай. Энэ талаар тусгасан уу. Монгол соёлын талаар ярихаар эрийн гурван наадмыг эхлээд ярьдаг. Үүнийг Баяр наадмын тухай хуульд тусгах ёстой юу.
Ч.Номин: -Соёлыг хэрэглээнд оруулж байж хөгждөг. Ийм утгаараа эдийн засгийн эргэлтэд орж, цаашид хөгжих боломж нь энэ хуулиар үүснэ гэж үзэж байна. Тиймээс ч эдийн засгийн холбогдолтой заалтууд оруулсан. Ялангуяа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийг тусгасан. Төрөөс дэмжих зохицуулалтууд ч бий. Соёлын салбар орхигдсон учраас сүүлийн дөрвөн сарын хугацаанд суурь судалгаанууд хийж, 12 чиглэлээр хүрээгээ тодорхойллоо. Тэр дундаа соёлын салбарт тэргүүлэх эдийн засгийн чиглэл нь юу байх вэ гэдгийг гаргаж ирсэн. Баяр наадам зөвхөн соёлын асуудлаас гадна бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх өдөр, спортын арга хэмжээнээс бүрддэг учраас тусгай хуультай байдаг.
Г.Дамдинням: -Энэ талаар төслийн 14 дүгээр зүйлд маш сайн тусгасан.
Ж.Батсуурь: -Соёлын тухай хуулийг баталчихаагүй байна. Шилний цаанаас чихэр долоолгосонтой адил зүйл болох вий. Эдийн засгийн асуудлуудаа Сангийн яамтай сайн тохирсон уу.
Д.Бум-Очир (Соёлын сайдын зөвлөх): -Улсын төсвийн ихэнхийг халамжид зарцуулдаг гэж бид олон жил шүүмжилсэн. Гэтэл зөвхөн хандив, тусламжийн мөнгөөр соёлоо авч явдаг байж таарахгүй. Тиймээс хуульд “Соёлын эдийн засаг, үйлдвэрлэл” гэсэн тусгай бүлэг оруулсан.
Б.Баттөмөр: -Төслийг дэмжиж байна. 1996 онд баталсан энэ хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх шаардлагатай. Үндэсний түүх, соёлоо хамгаалж, хөгжүүлэх нь бидний дархлаа. Энд тулгамддаг асуудлуудын нэг нь санхүүжилт. Санхүүжилтийн ямар хэлбэрээр соёлоо авч явах талаар тусгасан бэ. Хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг соёлын салбарт нэвтрүүлэх чиглэлд ямар зохицуулалт оруулсан бэ. Гуравт, соёл урлагийн мэргэжилтнүүдийн ур чадварыг бодитой үнэлэх ямар заалт тусгав. Үндэсний бахархлыг тогтоох ажил ямар түвшинд байна вэ. Урлагийн шилдэг бүтээлүүдийг улсын санд авах ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү.
Г.Мөнхцэцэг: -Соёлын хуулийг эх хууль гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мэргэжилтнүүдийг нь чадавхжуулах заалтууд тусгасан. Тэдний цалин, тэтгэвэр ч ялгаатай байсныг тэгш болгоход анхаарсан. Тэр тусмаа алслагдмал газарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд таван жилийн тэтгэлэг олгох зохицуулалт байгаа. Мөн соёл урлагийн байгууллага өөрийн орлогоос илүүчилж, уран бүтээлээ хийх боломжийг дээшлүүлсэн. Соёлын тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхдээ гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх заалт бий. Соёлын хяналтын байцаагчтай болгох гэх мэт орхигдсон олон асуудлыг тусгаснаараа давуу талтай. Олон улсын жишгийг маш сайн судаллаа.
Г.Дамдинням: -Соёлын ажилтнуудын олон жилийн болон зэрэг, дэвийн нэмэгдэл, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар энэ хуульд тусгайлан заасан. Хоёрдугаарт, соёлын өвийг баяжуулах чиглэлд санхүүжилт босгох хатуу заалт оруулсан. Үүнээс гадна соёлын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татвараар дэмжих бодлого хэрэгжүүлж, байгууллагынхаа орлогыг өөрөө зарцуулах эдийн засгийн заалтууд бий.
Б.Бат-Эрдэнэ: -Энэ хуулийг дэмжиж байгаа. Шинэ яамныхан ч сайн ажиллажээ. Та бүхэн монголчуудын бүтээсэн өв соёлын онцлогийг хэрхэн харж байна вэ. Төслийг харвал орон тоо, мөнгө санхүүжилт, тоног төхөөрөмж гэх зэргээр хэлбэр талаасаа илүүтэй харсан мэт санагдаж байна. Уг нь бидний өв соёл хүний дотоод сэтгэл, оюунтай холбоотой. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Сүүлийн 30 жил гадаад үзэмж, хэлбэр харж явсаар байгаад өв соёлоо устгаж, алдаж эхэлсэн шүү дээ.
Ч.Номин: -Монголчууд хүн төрөлхтний соёлд маш том хувь нэмэр оруулсан нүүдэлчин ард түмэн. Энэ соёлоо өөрсдөө тээн авч явж, нутаг орондоо өвлүүлж яваа. Төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон, төслийн 8.2-т “Нүүдлийн соёл иргэншлийн талаар тусгасан. Цаашлаад 8.7-д соёлын өвийг хамгаалах, устахаас урьдчилан сэргийлэх тодорхой заалтууд бий.
Г.Дамдинням: -Төрийн зүгээс соёлын салбарт ямар бодлого баримтлах вэ, аль соёлоо хамгаалж, олон улсад түгээн дэлгэрүүлэх ажлыг яаж зохион байгуулах вэ, түүнд ямар төсөв, санхүүжилт өгөх вэ, татварын дэмжлэгийг бусад хуулийн хүрээнд яаж үзүүлэх вэ гэдэг нь энэ хуулийн хүрээ. Бодлогын хувьд Монголын бүхий л соёлын өв, шинэ тутам орж ирж буй довтолгооноос хамгаалах, түгээн дэлгэрүүлэх гээд бүх агуулгыг оруулсан. Цахим бүртгэл хийснээр хилээр хууль бусаар гаргасан соёлын өвөө бүртгэх ач холбогдолтой. Энэ талаар нэлээд сайн тусгасан.
Ж.Бат-Эрдэнэ: -Соёлын яам хэдэн газар, хэлтэстэй ажиллаж байна вэ. Орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтардаг вэ. Соёлын тухай хууль үйлчилж эхэлбэл яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх үү.
Ч.Номин: -Соёлын яам 25 жил бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаагүй. Хэдий шинэ яам боловч хөдөө, орон нутагт ямар нэгэн соёлын нэгжгүй үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн лхагва гарагт аймгийн Засаг даргын дэргэд соёлын асуудал эрхэлсэн бие даасан нэгж байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Ингэснэээр улсын хэмжээнд соёлын бодлого бүх аймаг, сумд хүрнэ. Соёлын эдийн засгаа яаж хөгжүүлэх вэ гэдгээс хамаарч бүтэцдээ өөрчлөлт оруулах, эсэхээ шийднэ. Соёлын үнэт зүйл, эдийн засгийн судалгаагаа бүрэн хэмжээнд хийж байна. Дуусахаар нь яам бүтцээ өөрчлөх, эсэхийг шийднэ.
Ж.Бат-Эрдэнэ: -Төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаанаас соёлыг түгээх, хуулиа хэрэгжүүлэх ажлын үр дүн гарна. Соёлын тухай хуультай холбоотойгоор яамны дэд бүтэц, чиглэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж ойлголоо. Уг нь өөрчлөлт орсон байх шаардлагатай. Ингэснээр хууль бодитой хэрэгжинэ.
Ч.Номин: -Таны хэлснийг хүлээж авлаа. Бид өөрчлөлтийг судалгаанд тулгуурлан хийх гэж байгаагаа дахин хэлье.
Б.Пүрэвдорж: -Би нэг бичлэг үзүүлье. Энэ төслийг хэлэлцэх явцад ийм байдлаар нийт 30 гаруй удаа горимын саналыг буцаасан. Өөрөөр хэлбэл, зарчмын зөрүүтэй санал уначихаад байхад хэдэн найз “босгох” гээд, энэ хуулийн хэлэлцүүлгийг нэлээд гурилдах шиг боллоо. Төслийг нь Засгийн газар ч маш хариуцлагагүй боловсруулсан. Зарчмын зөрүүтэй зарим саналыг Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нарын салбараа мэддэг хүмүүс эсэргүүцэж байна лээ. Хэд хэдэн ноцтой заалт байгааг ч дурдсан. Иймд гишүүд санал хураалтад оролцохдоо анхааралтай байгаарай. Соёлоо хамгаалах гээд хүнд байдалд оруулах шийдвэр гаргачих вий.
Г.Дамдинням: -Манай зарим гишүүн сансарт нисээд, зарим зүйлээ мартаж, санадаг болчихсон юм шиг байна. Санал хураалтын тоног төхөөрөмж гацсан. УИХ-ын Тамгын газарт асуудал тавьчихсан байгаа. Өөрөө бас ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй болохоор энэ асуудлыг мэдэрдэггүй бололтой. “Нисээд” завгүй байдаг биз. Ирэх оны төсвийг хэлэлцэхээс өмнө Соёлын тухай хуулийг батлах ёстой. Үнэхээр монгол соёлдоо хайртай, анхаарал хандуулаад судалсан бол шүүмжийг тань хүлээж авна. Улстөржих гэж ядаж байгаа бол уучлаарай. УИХ-ын гишүүд саналаа өгчихөөд байхад тоног төхөөрөмж ажиллахгүй байна. Таны үзүүлсэн бичлэгт гарсанчлан төхөөрөмжүүд нь үнэхээр ажиллаагүй гэв.
Ингээд гишүүн Б.Пүрэвдорж, Г.Дамдинням нар бүдүүлэг үг, хараал чулуудан хэрэлдсэн юм.