Манай улс 2020 онд 4.75 сая толгой үхэр тоолуулсан бөгөөд үүний ихэнх нь бэлчээрийн маллагаатай монгол үхэр байв. Монгол үхрүүд цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай, арчилгаа төдийлөн шаарддаггүй давуу талтай ч мах, сүүнээс өгөх ашиг нь дэлхийн жишгээс харьцангуй бага нь сул тал болдог. Тодруулбал, үүлдэр сайтай махны чиглэлийн үхрийг багадаа дөрвөн сар тэжээн, мах бэлтгэн борлуулахад урд хөршид долоон сая орчим төгрөг олдог бол БНСУ-д 10 саяд хүрдэг аж. Харин манайд дөрвөн сар тэжээсэн үхрийг төлд тооцон төхөөрөхгүй, мах бэлтгэх шаардлага гарсан ч жин нь бага учраас ашиггүй гэсэн үг. Гэтэл үхрийн мах нь зөвхөн хүнс биш, зарим оронд тансаг хэрэглээнд тооцогддог үнэ цэнтэй бүтээгдэхүүн. Иргэдийнх нь амьжиргааны түвшин өндөр, орлого ихтэй байхын хэрээр ялангуяа үхрийн махны хэрэглээ өндөр байдаг статистик ч бий бөгөөд БНСУ өнгөрсөн жил 20 743 тонн үхрийн дээд зэрэглэлийн мах экспортлон 154.5 сая ам.доллароор борлуулж дэлхийд тэргүүлжээ. Удаах байрт нь 18.3 мянган тонн махаа 113.2 “ногоон”-оор худалдсан Япон жагссан байна. Ер нь дэлхий нийтэд сүүлийн гурван жилд үхрийн мах экспортлогч (БНСУ, Японоос гадна) Хонконг, Мексик зэрэг тэргүүлэх орон нэг их наяд гаруй ам.доллароор борлуулсныг “National cattlemen’s beef association”-ы мэдээлэлд дурджээ. Үүнээс гадна олон улсад үхрийн аж ахуйн 96 хувийг гэр бүлийн бизнес болгон хөгжүүлж, үе удам дамжуулан эрхэлж буй жишиг байна. Манай улсын хувьд үхрийн тоо ихтэй, бэлчээр нутаг хангалттай, малч удамтай зэргээ тооцвол уг малаас гарах мах, сүүний ашгаа өсгөх боломжтой. Харин ашгаа хэрхэн илүү нэмж, чинээлэг малчин, фермерүүд бий болгох тухай зарим судалгаа, мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.
Юуны түрүүнд өргөн уудам газар нутагтай нь үхрийг суурин болон бэлчээрийн маллагаа хослуулан адгуулах давуу тал юм. Ер нь фермүүдийн хамгийн их зардлыг тухайн мал, амьтнаа бордох тэжээл эзэлдэг учраас малаа хашаа хороонд байлгаж зөвхөн тэжээлээр хооллоно гэвэл зардал өндөр гарч, малчид, жижиг фермүүдэд ашиг гарахгүй. Харин бүс нутагтаа тохирсон, өгөөжөө өгөхүйц ургамал тариалах, эсвэл тариалангийн бүстэй ойрхон нутагт аж ахуй хөгжүүлбэл илүү хялбар байх нь. Үхэр бордох гол тэжээл нь эрдэнэшиш, буурцагтан үет ургамлын хольц юм байна. Манай улсад эрдэнэшиш тарих бүрэн боломжтой бөгөөд уг ургамлын хальс, иш нь ч тэжээл болдгийг мэргэжилтнүүд дурдсан. Мөн өвөл ашиглах таримал бэлчээрийн тусламжтайгаар үхрийн жинг хүйтний улиралд хорогдуулахгүй байвал нас гүйцэхдээ мах сайтай байх боломжийг өсгөдөг гэсэн. Монголтой цаг уурын хувьд ойролцоо Канадад эрдэнэшиш бүхий өвлийн таримал бэлчээр ашиглах, суурин байранд байлган бордох аргаар үхрээ тордсоор сүүлийн 15 жилд дэлхийд үхрийн махны үйлдвэрлэл, хэрэглээ, экспортоор дээгүүрт эрэмбэлэгддэг улсын тоонд оржээ.
Үүлдэр угсааг нь тогтмол сайжруулж, өөрийн улс орон, нутаг бэлчээрт тохирсон шилмэл омгийн үхэр өсгөвөл мэдээж гарах өгөөж нь нэмэгдэнэ. Үүнд БНСУ-ын жишээг дурдаж болох юм. Тус улс юуны түрүүнд улсын хэмжээний үржил, селекцийг урт хугацаанд зөв төлөвлөж, хэрэгжүүлжээ. Үүнийг Өмнөд Солонгосын Ханвуу үүлдрийн үхрийн жишээн дээр тайлбарлаж болох юм. 1980 оны эхээр уг үхрийн амьдын дундаж жин нь 270 кг орчим байж. Солонгосчууд 1983 онд энэ үхрийг махны чиглэлээр цэврээр нь үржүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлээд 32 сартай үхрийн амьдын жинг дунджаар 800 кг, рекорд жинг нь нэг тоннд хүргэсэн аж. Энэ нь үхрийн махлаг шинжийг нь ашиглан 40 жил явуулсан үржил, селекцийн бодлогын үр дүн. Одоо ч Ханвуу үүлдрийн үхрийн үржүүлгийг улсын хяналтад явуулдаг. Зохиомол хээлтүүлэг голчлон ашиглах ба үрийн чанар онцгой үүрэгтэй гэсэн. Зохиомол хээлтүүлэгт ашиглах үрийг бэлтгэхдээ эхлээд улсад бүртгэлтэй цэвэр удмын 400 шилдэг бухын үрийг орчин үеийн арга технологиор үнэлдэг байна. Үүнээс шилдгийн шилдэг гэсэн 20 бухыг сонгон, тэдгээрээс л тухайн жилийн үрээ бэлтгэн аж ахуйнуудад бага зэргийн төлбөртэйгөөр нэгдсэн журмаар хээлтүүлгийг улсын гэрээт аж ахуй л гүйцэтгэдэг гэнэ. Үхэр бүр хувийн дугаар, үржлийн бүртгэлтэй учраас удмаас удамд сайн шинж тэмдгүүд өвлөгдөн чанартай, өндөр үнэтэй үхрийн мах үйлдвэрлэх генетик чадамж хуримтлагддаг аж. Хээлтэгчийг мөн адил өндөр шалгуураар сонгож, өдгөө үхрийн махны экспортоор тэргүүлэгч орон болжээ.
Үүнээс гадна богийг хөнгөлөхдөө зөв арга технологи ашиглах нь тарга тэвээрэг сайн авхуулж, богино хугацаанд бие гүйцээхэд тустай юм байна. Тухайлбал, төөнөж таслах аргаар хөнгөлүүлсэн малыг нас гүйцтэл нь буюу урт хугацаанд маллахгүй байж болдог гэнэ. Ингэж хөнгөлсөн бярууг 16-18 сартайд нь 260-300 кг-д хүргэж болох аж. Хэрэв жил бүр үхэр, хонины төлийн 25-30 хувийг ингэж засан, түргэн бойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулбал сүргийн бүтэц, малын тоог зохистой түвшинд барьж, маллагааны зардлыг бууруулж, бэлчээрийн даацыг 20, тэжээлийн зардлыг 15 орчим хувиар хэмнэх тооцоо бийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүлэх малзүйч, доктор Д.Гүрбазар хэлсэн.
Шинэ Зеланд улс Монголтой ойролцоо тооны мал, үхэртэй боловч жилд 3.8 тэрбум ам.долларын мах экспортолдог аж. Харин манайх 2020 оноос өмнөх гурван жилд жил бүр дунджаар 17 сая “ногоон”-оор үнэлэхүйц мах гадаадад худалджээ. Бид дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэж байгаа бол есөн сая толгойг буюу 180 мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй гэдгийг ч салбарын яам дурддаг. Мэдээж экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд олон биш, ашиг шимтэй цөөн мал борлуулж, малаа эрүүл гэдгийг нотлох шаардлага бий. Хөдөө аж ахуйгаас олох орлогоо өсгөхөөр сүүлийн жилүүдэд Засгийн газар, салбарын яамнаас баримталж буй бодлого, аж ахуй эрхлэгчдийн сонирхолтой уялдан махны үхрийн хагас эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх ажил урагшилж буй гэнэ. Тухайлбал, 2010 онд махны үхрийн чиглэлээр 101 аж ахуй үйл ажиллагаа явуулж, 11.3 мянган толгой үхэртэй байсан бол өнгөрсөн жил 600 орчим аж ахуйд 28.6 мянган үхэр тоолуулжээ. Түүнчлэн ирэх 10 жилд эрчимжүүлсэн болон хагас эрчимжүүлсэн байдлаар маллах сайн үүлдрийн үхрийн тоог 55 000-д хүргэхээр зорин цэвэр үүлдрийн хээлтүүлэгч, хээлтэгч, хөлдөөсөн үр импортлох, үржүүлэх бүс нутгийг тодорхойлохоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн.
Мөн малын удмын сангийн үндэсний төв, түүний харьяа цөм сүргийн салбар нэгжүүд, нутгийн болон махны чиглэлийн үүлдрүүд, гойд ашиг шимтэй малыг шалгаруулан үр бэлтгэх нөөц, цэвэр үүлдрийн мал амьтны үр, хөврөлийг импортоор оруулах бодлого, мэргэжлийн боловсон хүчний удирдлага нөөцтэй нь манай бас нэг давуу тал гэсэн. Тиймээс аж ахуй эрхлэгчид, малчид төрийн бодлогоо дэмжиж оролцох, хариуцлагатай, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй гэнэ. Төр, төрийн бус байгууллагууд, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид, аж ахуй эрхлэгчид үйл ажиллагаагаа нэгтгээд үржил, селекцийг чанартай хийж явбал 20 жилийн дараа Монголын гэсэн онцлогтой махны үхрийн том аж ахуйнуудтай болох боломжтой аж. Ташрамд дурдахад, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд малчдыг дэмжих зээлээс сайн чанарын хээлтүүлэгч болон мал, амьтан худалдан авахад зориулж зээл олгож буйг салбарын яамнаас дурдсаар байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчдэд жил бүрийн 11-4 дүгээр сард сүү тушаасан иргэд, аж ахуйн нэгжүүдэд ч урамшуулал олгох замаар үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд дэм болж буй билээ.