Дархлааны систем нь гүйцэд хөгжөөгүй нярай хүүхэд их эмзэг. Элдэв өвчинд өртөмтгий, бие махбод нь хэтэрхий мэдрэг байдаг. Тиймээс эцэг, эхээ тэвдүүлэх нь олон. Өнөөгийн Улаанбаатар яг л нярай хүүхэд шиг эмзэг болжээ. Салхи, бороо зэрэг байгалийн жирийн үзэгдлийн өмнө ч хүчин мөхөстөх болов. Багахан хүчтэй салхи гарахад л замын хайс, хашлага, гэрэлтүүлгийн шон унаж, цахилгааны шугам гэмтэх нь энүүхэнд. Ус ихтэй бороо 20-30 минут хэртэй үргэлжлэхэд л хотын авто зам нэлэнхийдээ үерт автаж, эвдэрч, сүйдэх нь элбэг.
Сүүлд гэхэд энэ сарын 8, 9-нд орсон аадар борооны улмаас Туул, Сэлбэ гол зарим хэсгээрээ үерийн аюултай түвшнийг давж, хотын төв, гэр хороололгүй бүгд усанд автсан билээ. Авто замын чанартай холбоотой, жилийн жилд сөхөгддөг ус зайлуулах шугам сүлжээний асуудал бүр ч хурцаар тавигдав. Ийм байгууламж нийслэлд хүртээмжгүйгээс авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, нүхэн гарц, зарим орон сууцын зоорийн давхар, автомашины зогсоол “уст цэг” болсон юм. Холбогдох албаны хүмүүс үерийн усыг зайлуулах шуурхай арга хэмжээ авахын тулд шинээр байгуулсан зам, гүүрэндээ хүртэл “гар хүрэв”.
Энэ үйл явдал Улаанбаатар хот үер устай холбоотой сорилт, тэр дундаа, аадар борооны аюулыг сөрөх ямар ч бэлтгэлгүйг бодитоор харууллаа. Аадрын ая даахгүй хэврэг бүтээн байгуулалт хотод хэр олон байгааг баталсан гэхэд хилсдэхгүй. 382 жилийн түүхтэй хот энэ зэргийн эрсдэлийг даах, үүрэх “нуруутай”, дархлаатай баймаар сан. Гэтэл эсрэгээрээ, дархлаа нь гүйцэд хөгжөөгүй нялхас шиг сандчин тэвдэх нь эмгэнэлтэй.
УСАН БОРООНЫ “ДАЛЛАГАТАЙ” ХОТ
Байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий дахинд хэт халж, хуурайшилт эрчимжиж байгаа бол манайд эсрэгээрээ сэрүүсэх хандлагатай буй. Зун шиврээ бороо орох нь багасаж, голдуу аадар цутгах болсон. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Гомболүүдэв “Жилийн дундаж хур тунадасны 70-80 хувь нь зун ордог байсан. Үүний зонхилох буюу 80 гаруй хувь нь шиврээ, үлдсэн нь аадар хэлбэрээр ордог онцлогтой. Одоо энэ харьцаа алдагдсан. Шиврээ бус, аадар голдуу ордог боллоо” хэмээн онцолж байв.
Авто замын барилгын мэргэшсэн инженер, судлаач Б.Пүрэвдорж ойрхон давтамжтай, түр зуурын, усархаг бороо элбэгшсэн шалтгааныг хотжилттой холбон сонирхолтойгоор тайлбарласан байдаг. Тэрбээр “Эрчим хүчний хэрэглээ хэт өссөн, автомашин, үйлдвэрүүдээс ялгарах дулааны хэмжээ нэмэгдсэн, ус шингээх гадарга багассан, барилгажилт эрчимжсэний нөлөөгөөр хотод urban heat island буюу дулааны арал хэмээх үзэгдэл үүссэн. Бусад газраас харьцангуй өндөрт их хэмжээний халуун агаар хуралдаж байна. Энэ нь их хэмжээний үүлийг соронздон татаж, бөөгнөрүүлснээр усархаг бороо гэнэт орох нөхцөлийг бүрдүүлдэг. Статистик мэдээллээс харахад, Улаанбаатарт орох аадар борооны тоо жил ирэх тусам ихсэж, давтамж нь ойртож байна. Нийслэлд хамгийн их бороо ордог зуны дунд сарын хур тунадасны хэмжээ цаашид ч өсөх хандлагатай” гэжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй өгүүллийг Шинжлэх ухаан, технологийн сангийн цахим хуудаснаас унших боломжтой. Дээрх хоёр судлаачийн байр сууриас үзэхэд, Улаанбаатар хотод цаашид ч аадрын сорилт үргэлжлэх нь. Харин бид тэр болгонд хот даяараа зутарч, тэрбум тэрбумын алдагдал хүлээх нь цаг хугацааны асуудал болов.
Ирэх сард ч хангайн болон төвийн бүс нутгаар хур бороо элбэг байх төлөвтэйг цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээнд онцолжээ. Төвийн бүсэд нийслэл Улаанбаатар ч багтаж буй.
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Саяас дээш хүн амтай, томоохон гол, мөрөн түшиглэн байгуулсан хот болгон үерийн эрсдэлийн үнэлгээтэй байх ёстой аж. Ийм үнэлгээг жил болгон тогтмол хийх учиртай. Ялангуяа манайх шиг аадрын “даллагатай”, хотынх нь
төвөөр томоохон хоёр ч гол урсдаг, авто зам, замын байгууламжийн стандарт, нормын хэрэгжилт сул улсад үерийн эрсдэлийн үнэлгээ даатгал мэт чухал зүйл юм. Манай улс уг нь дэлхий нийтийн жишгээр үнэлгээ хийх аргачлал, заавар, журам баталсан. Гэвч энэ дагуу хийсэн судалгаа, түүнээс улбаалан хэрэгжүүлсэн бодитой ажил бараг байдаггүй юм байна. Уулын ам, гуу жалга дагуу суурьшсан хэдэн айлыг хөөж, сандаргахаас өөр гавьтай зүйл хийдэггүй гэхэд хилсдэхгүй.
Уг нь эрсдэлийн үнэлгээ хийх үндэслэлийг холбогдох журамд “Энэхүү зааварт үндэслэн бүс нутаг, хот, суурин газрын төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, дахин төлөвлөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсруулахад чухал ач холбогдолтой” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлтийг үерийн эрсдэлийн үнэлгээтэй уялдуулах нь чухал. Гэтэл Улаанбаатарт энэ хоёрын харилцан хамаарал алдагдсанаас иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох нь хэвийн үзэгдэл болов.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамгийн сүүлд буюу одоогоос зургаан жилийн өмнө нийслэлийн үерийн эрсдэлийн тооцоог хийж байж. Удаан хугацаанд үргэлжилсэн бороо ороход усанд автах эрсдэлтэй барилгажсан талбай, Туул, Сэлбэ, Улиастай голын ус үерийн түвшин давсан тохиолдолд аюулд өртөх магадлалтай бүсүүдийг үнэлж, тогтоожээ. Гэвч энд Зайсан, Арслантай гүүр орчим зэрэг цөөн газрыг л дурдсан байна. Харин мэргэжлийн судлаачид Улаанбаатар хот бүхэлдээ үерийн өндөр эрсдэлтэй гэдгийг сүүлийн үед хөндөж, анхааруулах боллоо. Бороо хур элбэг үед ч энэ “зөгнөл” биеллээ олдог. Холбогдох байгууллагууд нэн түрүүнд “Усанбаатар”-ынхаа үерийн эрсдэлийг бодитоор үнэлэх цаг нь иржээ.
НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШХИРСААР ӨНӨӨДРИЙГ ХҮРЭВ
Бороо орох тоолонд нийслэлчүүд тэвддэг. Бас “гасалдаг”. “Хөгжингүй орнууд борооны усыг бидэн шиг ингэж хайр гамгүй урсгаж, үзэн яддаггүй, шингээж, хуримтлуулдаг. Тэднээс суралцах хэрэгтэй. Ийм технологи нэвтрүүлье” хэмээн мөрөөдөж, ухаарах хүн борооны дараах мөөг шиг гарч ирдэг. Гэвч бидэнд өнөөдөр ус хуримтлуулах дэвшилт технологи нэвтрүүлэхээс өмнө шийдэх ёстой амин чухал асуудал бий нь авто замын ус зайлуулах шугам сүлжээ. Энэ бол хотын дэд бүтцийн хамгийн чухал хэсэг, эрсдэлээс хамгаалах шийдэл.
Геодези, усны барилга байгууламжийн газраас авсан мэдээллээр өдгөө нийслэлд борооны болон хөрсний ус төвлөрүүлэх зориулалттай ийм байгууламж 187 км бий гэнэ. Хотын авто замын 20 хүрэхгүй хувьд бий гэсэн үг. Гэвч эдгээр нь хог шороогоор дүүрч битүүрэх, бөглөрөх, стандартын дагуу байршуулаагүй зэргээс үүдээд үүргээ бүрэн гүйцэд биелүүлж чаддаггүй гэнэ. Ширүүн бороо орсны дараа хотын төв “цөөрөм”болж хувирдгийн, нийслэлчүүд царцаа аятай үсчиж, зарим нь шалбааг туучихаас аргагүйд хүрдгийн шалтгаан нь ердөө энэ.
Ус зайлуулах шугам хоолой хангалттай байдаггүйгээс, байгаа зарим нь үүргээ биелүүлдэггүйгээс Улаанбаатар зун болгон тэрбум тэрбумын хохирол амссаар ирлээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард орсон гурван удаагийн борооноор гэхэд нийслэл 4.7 тэрбум төгрөгийн хохирол амссан гэсэн тооцоо бий. Нийт 14 600 ам метр авто зам, 13 100 метр урт хашлага эвдэрчээ. Явган хүний 7300 ам метр зам ашиглалтаас гарсан байна. Энэ бол ганцхан жишээ. Хэрэв бид хотын дэд бүтэц, инженерийн байгууламжийг стандарт, нормтой уялдуулах чиглэлд цаашид дорвитой анхаарахгүй бол үүнээс ч их хэмжээний хохирол амсана.
Хэдхэн хоногийн өмнө болсон үйл явдлаас улбаалаад Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 20 дугаар хорооны нутагт 16 тэрбум төгрөгөөр үерийн хамгаалалтын далан, хөрсний болон булгийн ус зайлуулах систем байгуулахаар болсон. Тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд “Шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж чадлаа” хэмээн цахим сүлжээгээр нэг сурталчилж байна билээ. Хэрэв бид эхнээсээ хот төлөвлөлтөө эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан ухаалгаар шийдсэн бол, авто зам, замын байгууламжийг чанартай, стандартын дагуу гүйцэтгэсэн бол улс, нийслэлийн төсөвт ийм хэмжээхий дарамт учруулахгүй байв. Мөн хот даяараа зутарч, ниргэсэн хойно нь хашхирч, харамсаж суухгүй л болов уу.