Зэвсэгт хүчний анги, салбарт сахилга хариуцлага алдагдаж, архидан согтуурсны улмаас хугацаат цэргийн алба хаагчийн амийг бүрэлгэсэн хэрэг гарсан нь саяхан. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатарын тэргүүлдэг Зэвсэгт хүчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийнхөн болон ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар тушаал гаргаж, ажлын бус цагаар, гэртээ, найз нөхдийндөө архи, согтууруулах ундаа хэрэглэж, зөрчил гаргасан ахлагч нарыг халж буй билээ. Харин офицерууддаа төдийлөн хариуцлага тооцдоггүй учраас манай сонин өнгөрсөн сард “Аяганы алгаас агтны алаг нь дээр” хэмээх нийтлэлээрээ ахлагч нарыг ялгаварлан гадуурхаж буйг хөндсөн.
Тэгвэл ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Стратегийн удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Нанжид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цэргийн дүрэмт хувцастай, ажлын байрандаа архи ууж, улмаар БХЯ, ЗХЖШ-ын хашаан дотор орилж, хашхиран танхайрч, салбарын сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг зэрэг хүний нэрийг дуудан агсам тавьжээ. Уг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.1-д “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл ЗХЖШ-т эрх бүхий албан тушаал хашдаг хурандаа цолтой нэгэн ийнхүү ажлын байрандаа, цэргийн дүрэмт хувцастай архи ууж удирдах албан тушаалтнууддаа агсам тавьсан явдалд дэслэгч генерал Д.Ганзориг, бригадын генерал Ц.Жавхланбаатар нар хариуцлага тооцож чадах болов уу.
Бэлтгэсэн: Д.Дайчин