Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.
Мөн шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв.
Улсын дээд шүүх өмнө нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд Давж заалдах шатны шүүхэд буцаасан юм.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оноосон.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Доктор Мэйж” ХХК-д 800 сая төгрөгийн зээл авсан гэдэг.