УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай шинэчилсэн хуульд нийцүүлэн уг төлөвлөгөөг анх удаа боловсруулжээ. Энэ үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.
С.Бямбацогт: -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу уг төлөвлөгөөнд тодорхой төсөл, арга хэмжээг тусгах ёстой. Гэтэл ерөнхий зорилтууд л бичсэн байна. Тухайлбал, 273 сургууль, 243 цэцэрлэгийг ирэх дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Гэтэл 2022 онд хэдэн сургууль, цэцэрлэг барих нь тодорхойгүй байна. Нэг сая жуулчин хүлээн авдаг болно гэсэн. Гэтэл ирэх жилд хэчнээн жуулчин хүлээн авахаа тусгаагүй байна. Ийм байдлаар ажиллавал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх юм бэ. Нэг жилийн төлөвлөгөөг хийх ажил, хариуцах эзэн, хүрэх үр дүн, зарцуулах санхүүжилттэй нь боловсруулах ёстой.
Ц.Нямдорж (ЗГХЭГ-ын дарга): -Анх удаа боловсруулж буй баримт бичиг учир цаашид сайжруулах шаардлагатай. Урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл гээд олон баримт бичигтэй нийцүүлэх шаардлагатай учир уялдаа холбоог хангах нь зүйтэй. 63 төсөл, арга хэмжээг санхүүжилтийнх нь хамт тусгасан. Үүний эх үүсвэрийг улсын төсвөөс 100 хувь гаргах боломжгүй. Цар тахлын нөхцөл хүнд байхад жуулчин хүлээж авах талаар төлөвлөхөд хэцүү.
Х.Батжаргал (Үндэсний хөгжлийн газрын дарга): -Төлөвлөгөөний санхүүжилтийн бусад эх үүсвэрийн талаарх мэдээллийг өгье. Дотоодын (улсын төсөвт үйлдвэрийн газрын, төслийн санхүүжилт) болон гадаадын шууд хөрөнгө оруулалтаас үүнийг бүрдүүлнэ. Тухайлбал, нефтийн гаралтай тос, тосон бүтээгдэхүүний болон “Евро-V” түлшний тогтвортой байдлыг хангахад 2.8 их наяд төгрөг зарцуулна. Энэ нь улсын төсөв, гадаадын зээл, тусламжид хамаарахгүй, хувийн хэвшлийн өөрийн санхүүжилтээр хийх, төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээ юм. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Чойбалсангийн, Тавантолгойн дулааны цахилгаан станц барих ажлыг төслийн санхүүжилтээр гүйцэтгэнэ. Ингэхдээ төрийн өмчит үйлдвэрийн газраас санхүүжилтийн тодорхой хувийг нь гаргах юм. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 245 төсөл, арга хэмжээ тусгаснаас 87 хувийг нь уг төлөвлөгөөнд багтаасан.
Л.Энх-Амгалан (БШУ-ы сайд): -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зааснаар 273 сургууль, 243 цэцэрлэг ашиглалтад оруулна. 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байрыг ирэх онд барьж дуусгахаар төлөвлөсөн. Эдгээрт 83.2 тэрбум төгрөг зарцуулна. Гэхдээ төсвийн шинэчлэлийн хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын загварыг өөрчлөх хэрэгтэй. 330 сумын болон нийслэлийн сургуулиудын ачаалал нь ихээхэн ялгаатай байна. 90 гаруй сумын сургуульд 300-гаас доош хүүхэд суралцаж байгаа. Цаашид Сангийн яамтай манайх хамтран газар зүйн мэдээллийн системд үндэслэн тухайн сумын хүн амын тоо, хэрэгцээнд тулгуурласан, өөр өөр хэв шинж бүхий сургууль байгуулах хэрэгтэй. Сум бүрт 12 жилийн тогтолцоотой сургууль байх шаардлагагүй.
С.Бямбацогт: -Бидний амлалтын хэрэгжилтэд иргэд хяналт тавина. Ирэх оны төгсгөл буюу Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны тавин хувь нь өнгөрөхөд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг 60 хувь хүртэл хэрэгжүүлсэн байх ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 948 арга хэмжээний хэд нь ирэх оны сүүлч гэхэд биелэх вэ гэдэгт анхаараарай.
С.Одонтуяа: -Сүүлийн 30 жилд ядуурал 26-30 хувьтай хэвээр байна. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу бид хэзээ ядууралгүй болох вэ. Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яам ажиллаж байсан. Тус яам манай улсын эдийн засгийн хөгжлийг юу гацааж байна вэ гэдэгт онцгой анхаарч, үндэсний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлсэн байдаг. Яг гацааж буй асуудалдаа төвлөрөхгүй бол бүх зүйлийг хийнэ гэж зүтгээд үр дүнгүй.
А.Ариунзаяа (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд): -Ядуурлыг 2030 он гэхэд тэглэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Эрүүл мэнд, боловсролын салбартаа түлхүү анхаарч, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Халамж авч байгаа хүмүүсийг сургаж, ур чадвартай болгон, хөдөлмөр эрхлүүлнэ.
Ё.Баатарбилэг: -Энэ оны улсын төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хэр хэрэгжүүлж байна вэ. Орон нутаг дахь төслүүдийг одоо л эхлүүлж байна.
Ц.Нямдорж: -Шинэ Засгийн газрыг байгуулах үед коронавирусийн нөхцөл байдлын улмаас тендер шалгаруулах үйл ажиллагааг зогсоогоод байсан. Тендер шалгаруулалтын явцыг Засгийн газрын хуралдаан бүрт танилцуулж байгаа. Нэг үеэ бодоход төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Гэвч хатуу хөл хорио дахин тогтоовол нөхцөл байдал хүндэрнэ. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулна. Яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, дүүргийн ЗДТГ-уудаас тендер зохион байгуулж байгааг нэг зохицуулалтад оруулж, гүйцэтгэлийг нь хатуу хянах шаардлагатай.
Ё.Баатарбилэг: -Барилгын материалын үнэ 30-40 хувиар нэмэгдсэн гэдэг үнэн үү. Энэ жилийн төсвийг өнгөрсөн намар батлахдаа тухайн үеийн ханшид тулгуурласан. Тэгэхээр одоо үнэ нь өссөн үед барилга барих, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой юу?
Б.Мөнхбаатар (Барилга, хот байгуулалтын сайд): -Өнгөрсөн жил цементийн үнэ өсөхөд яамнаас тодорхой арга хэмжээ авсан хэдий ч дэлхий зах зээлээс шалтгаалан үр дүнгээ өгөөгүй. Барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэггүй учир тээвэрлэлт, хорио цээрийн хязгаарлалтаас шалтгаалан үнэ нь өслөө. Улсаас хэрэгжүүлж буй төслийг гүйцэтгэж байгаа, барилгын салбарын ажилтнуудын цалинг энэ оноос эхлэн нэмсэн. Өөрөөр хэлбэл, 2020 онд төсөлд шалгарсан компаниудыг тухайн үеийн ханшаар санхүүжүүлнэ. Орон нутаг дахь төслүүдийн зарим нь одоо дөнгөж эхэлж байна. Тиймээс дахин эргэж харах шаардлага үүсэж магадгүй.
Б.Энхбаяр: -Нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөг яамдын үйл ажиллагааны хөтөлбөр шиг боловсруулжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон таван жилийн үндсэн чиглэлд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах талаар тусгасан. Энэ онд холбогдох хуулийг нь баталж, ирэх оноос хэрэгжүүлэх ёстой. Гэтэл уг төлөвлөгөөнд юу ч тусгаагүй байна.
Ц.Нямдорж: -Төрийн өмчит компаниудын асуудлыг Ерөнхий сайд хариуцдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед төрийн өмчит компаниудад судалгаа хийсэн, дүнтэй нь танилцсан. Хуулийн төслийг нь боловсруулсан, намрын чуулганд өргөн мэдүүлнэ. Зарим компанийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчит 6000 орчим компани бий.
Д.Ганбат: -Монгол Улсын түүхэн дэх хамгийн их эрх мэдэлтэй, хүчтэй Засгийн газар одоо ажиллаж байгаа. Гэтэл 2021 онд тулгамдаж буй асуудлыг өнөөдөр шийдэж чадаагүй байж ирэх оны төлөвлөгөө ярих хэрэггүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4200 ам.доллар байна. Ирэх жилд энэ тоог хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ. Замын хөдөлгөөний түгжрэл, гэр хорооллын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Дархан-Уулын замыг хэзээ ашиглалтад оруулах вэ. “Оюутолгой”-н төсөлд хэрхэн анхаарах вэ?
Л.Халтар (Зам, тээврийн хөгжлийн сайд): -Сүүлийн гурван жилд Дархан-Уулын замд гарсан осол, зөрчлийн тоо багассан. Түр зам учраас хурдаа тохируулж явсан тул ослын тоо буурсан юм билээ. Замын хоёр, дөрөвдүгээр багцын хувьд гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ цуцалсан. Гэвч тэд ажлын гүйцэтгэл дээрээ маргаан үүсгэж, дараагийн үйл ажиллагааг гацаасан байгаа.
Х.Батжаргал: -Улсын хөгжлийн төлөвлөгөөнд нарийвчилсан, байгууллагууд өөрийнхөө үйл ажиллагаанд тусгаад, санхүүжилтээрээ шийдвэрлэх боломжтой ажлыг тусгадаггүй гэв.
Дараа нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл хэлэлцлээ. “Төслийн нэр, үзэл баримтлал зөрчилдөж байна. Виртуал хөрөнгө оруулалтыг зохицуулах бол хуулийн нэршлийг нь өөрчлөх ёстой. Харин крипто валютыг зохицуулах бол энэ хэвээр нь нэрлэх хэрэгтэй” гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байв. Мөн цахим мөнгийг төрөөс зохицуулах бус, зах зээлийн жамаар нь хөгжүүлэх ёстой гэдгийг ч хөндсөн юм. Төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.