ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хээл хахууль авсан хэрэгт байсхийгээд л холбогддог. Х.Баярхүү, Г.Доржпалам тэргүүтэй албан тушаалтнуудыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бол нэг бус хүнийг шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлж, заримд нь ял оноосон. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг тус төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын үйлдлийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох журмыг үе үеийн салбарын сайд нар өөрчилдөг. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны есдүгээр сарын 6-ны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6.1 дэх хэсэгт “Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно” гэж заасан. Мөн журмын 3.7 дахь хэсэгт “Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна” хэмээн журамласан. Гэвч энэ эрх зүйн баримт бичгүүдийг зөрчиж, Ч.Болор нь Б гэх хүнд дөрвөн ижил оронтой, “азын” гэх дугаарууд өгөхийн тулд нэг сая төгрөгийн хахууль авсан аж. Улмаар Б-д 33-33 УВС, 44-44 УВС гэсэн улсын дугаар олгосон аж. Ч.Болорт хахууль өгсөн улсын гарьд Ө.Бат-Орших нь Үндэсний Батлан хамгаалах их сургууль (ҮБХИС)- ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвд эрх бүхий албан тушаал хашдаг, офицер нэгэн юм байна.
Мөн иргэн А-ийн эзэмшлийн “Hammer H-2” загварын автомашины 00-03 УН… дугаарыг “Лексус RX-450” загварын 20-22 УН… гэсэн улсын дугаартай сольж бүртгүүлэх гэсэн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд иргэн Д-гээс хоёр сая төгрөг авсан байна. Ингээд 2020 оны долдугаар сард баяр наадмын өмнөхөн дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг сольж бүртгэсэн гэнэ.
АТҮТ-ын тасгийн дарга Ч.Болорт хахууль өгсөн ҮБХИС-ийн ажилтан, зэвсэгт хүчний офицер Б болон иргэн Д нарт Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.