У.Хүрэлсүх Төрийн тэргүүний тангаргийг нэг л удаа өргөнө. Ардын хувьсгалын 100 жил, Ардын намын түүхэн “төрсөн өдөр” дахин тохиохгүй. Гэвч иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах учиргүй. Ирэх долоо хоногт тангараг өргөхдөө “Цэргийн ёслолын жагсаал хийхээ больчих” гэж У.Хүрэлсүх болон түүний тойрон хүрээлэгчдэд уламжилъя.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам гэж бий. УИХ-аас баталдаг энэ л журмыг баримтлан үе үеийн Төрийн тэргүүн тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж ирсэн. Шүүмжлэл дагуулаад буй цэргийн ёслолын жагсаал ч цоо шинээр хийх гэж байгаа зүйл биш. Гэхдээ өдөрт халдварын тоо 2000-ыг давж бүртгэгдсэн (тангараг өргөх үеэр 3000-д хүрэхийг ч үгүйсгэхгүй), арав, арваараа эл өвчний улмаас эндэж байгаа энэ үед олон хүн хамруулсан ёслол хийнэ гэж ярихаасаа ч ичих учиртай, уг нь. Эрх баригчдын удирдлага, зохион байгуулалт муугаас болж “Ковид-19”-ийн өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж, 90 шахам мянган иргэн нь халдвар авч, 400 нь амьсгал хураачихаад байхад (хойшид эдгээр тоо хэдэд ч хүрч болзошгүй) төрийн далбаагаа бөхийлгөж, эмгэнэх ч багадах атал Төв талбайдаа цэнгэж, наадах талаар бодож, бодитой хэрэгжүүлж байгааг нь харах уйтай юм. Сонгуулиар хүмүүсийг бөөгнөрүүлж, шагнал гардуулах нэрээр иргэдийг, эхчүүдийг цуглуулан, халдвар тараах нөхцөл бүрдүүлсэн буруутнууд нь манай удирдагчид. Тэдний балгийг бид үүрч дуусаагүй байхад тэдний тэнэглэл үргэлжилсээр, сургамж аваагүй бололтой.
УИХ-ын 1993 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хамгийн сүүлд буюу 2017 онд “гар хүрэхдээ” уг журмын 2.17-д “Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулна” гэж заасныг хүчингүй болгосон. Тиймээс ч өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөхдөө цэргийнхнийг ёслолын хувцастай нь жагсаагаагүй. Тухайн үед сүрт жагсаал хийсэн бол хэн ч буруутгахгүй байсан болов уу. Энх цагт, цар тахал дэгдээгүй байхад дөрвөн жилд нэг удаа болдог ёслолыг дөмөгхөн хийчихсэн байхад гайхаж, эгдүүцэх хүн хэд гарах бол. Гэхдээ тэр үед цэргийн ёслолын жагсаал хийсэнгүй гэж хэдэрлэсэн хүн байгаагүй юм даг. Харин 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөхөд цэргийнхэн ёслол төгөлдөр жагссан. “Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулна” гэх заалтыг ч тухайн үед тус журамд нэмсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн үед санаачилсныг Х.Баттулга тангараг өргөхөд хүчингүй болгож, өдгөө цар тахлын үед У.Хүрэлсүхэд Төрийн тамга шилжихэд ийн сэргээлээ.
Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцохоор Үндэсний батлан хамгаалахын их сургуульд хэдийн бэлтгэлдээ гарсан. Гэхдээ эх сурвалжид дурдсанаар ЗХЖШ-ын зүгээс тангаргийн ёслолд оролцох алба хаагчийн тоог хэлэх боломжгүй гэжээ. Тэгвэл ирэх сарын 10-нд болох Төрийн далбааны өдрөөр Төв талбайд зохион байгуулахаар төлөвлөж буй цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 алба хаагч оролцохоор сонгуулийн маргаашаас л бэлтгэлдээ гарсан. Ингэхдээ Ардын хувьсгалын журамт цэргээс хойших гурван үеийн төлөөлөл гээд өргөн бүрэлдэхүүнийг дайчлан, нүсэр жагсаалд бэлтгэж буй аж. Тэгсэн атлаа үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг өчигдрөөс долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг болиулж, амралт жуулчны баазын үйл ажиллагааг ч зогсоочихлоо. Дээдсийг цэнгүүлэх гэж цэргүүд хэдэн мянгаараа бэлтгэл хийж байхад бизнесийн байгууллагууд тоотой хэдхэн хүнд үйлчилж болохгүй байгааг ойлгох арга алга.
Тангаргийн ёслолд алба хаагчид мянга мянгаар биш, хэдхэн зуугаараа жагслаа ч халдвар тархах эрсдэл оршсоор л байна. Бэлтгэлийн талбайд тэд өглөөнөөс үдэш болтол бужигнаж байгаа. Цэрэг арми, тэдний ар гэрийнхэн тэр даяараа аюулд орчихоод байна гэсэн үг. Тэдний амь нас, эрүүл мэнд энэ цагийн эрх баригчдад хайран биш байж болох ч ээж аав, эгч дүү, энхрий үрс, гэр бүлийнхэндээ хамгийн үнэтэй, юугаар ч сольшгүй. Чөлөөнд гарсан, гараагүй цэргийнхнийг цуглуулан, эвсэл, холбоо байгуулж явсан, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болох гэж байгаа хурандаа У.Хүрэлсүх хэдэн бор цэргээ хайрлах учиртай. Тангаргаа өргөчихөөд, талбай дүүргэн жагсах алба хаагчдын өмнө цэрэг ёсолгоо хийгээд зогсоход Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийморь сэргэж болох ч иргэдийн чинь өвчин тэр жагсаалын сүр хүчинд илааршихгүй ээ.
Үнэндээ бороо, нарыг үл харгалзан бэлтгэлд гарсан цэргийнхэн адаглаад л амны хаалт зүүж, хоёр цаг тутамд сольж байгаа нь юу л бол. Өнөөдөр алба хаагчдаас халдвар авч, түүнийгээ тараагаад яваа нь ч таашгүй. Магадгүй тэнд халдвар тархаж, газар авбал хэдийн сөхөрчихөөд байгаа эрүүл мэндийн салбарынхны ачаалал бүр ч нэмэгдэнэ. Эцсийн цэгт эрсдэл, аюулыг эрх баригчид биш, иргэд, цэргүүд, эрүүл мэндийн салбарынхан л үүрч хоцордог, та бид хаягдаж байна. Ер нь улсын наадмыг цахимаар хийх шаардлага ч алга. Үзэгчгүй л болохоос тэнд хүмүүсийг бөөгнөрүүлж л таарна. Тэгээд ч ингэж хийсэн наадмын зардлаас хэмнэгдэх зүйл бараг үгүйг учир мэдэх хүмүүс хэлж байна. Харин оронд нь наадам зохион байгуулахад төсөвлөсөн 3.2 тэрбум төгрөгөө хэрэгтэй зүйлд нь зарцуулчих. Ардын хувьсгалын 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөөс мөнгө үлдсэн бол тэрийгээ ч эрүүл мэндийн салбарынхан руу шилжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, түүхт ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд дурдсанаар цэргийн ёслолын жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөжээ. Тэгэхээр тангаргийн ёслолд зориулан хийх жагсаалд нь үүнээс багагүй хөрөнгө зарцуулахаар байгаа юм. Эндээс харвал хоёр удаа цэргийн жагсаал зохион байгуулаад л тахлын үед тэрбум төгрөг урсгах нь. Мөн 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөхөд ёслолд нь 400 сая төгрөг зарцуулсан юм. Энэ нь тухайн үедээ нэлээд бийлэгжүү төсөв байсныг онцолж байлаа. 2009 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 239 орчим сая төгрөг зарцуулж байсантай харьцуулахад харьцангуй өндөр гэж онцлох нь аргагүй хэрэг. Гэхдээ 2013 оны тангараг өргөх ёслол Төрийн далбааны өдөртэй давхацсан бөгөөд олон тэмдэглэлт үйл явдалтай давхцаж буй тул харин ч зардал багатай зохион байгуулсан гэх тайлбарыг албаныхан хэлж байсан билээ. Тэгвэл 10 шахам жилийн өмнөх эл зардал өдгөө хэд болж өссөн бол. Эрүүл мэнд, эдийн засгийнхаа аль алийг нь тавиад туучихсан улс ингэж аяглах нь тэнэг бөгөөд цамаан биш гэж үү.
Тэгж яривал цар тахлын үед Төрийн тэргүүний сонгуулиа зохион байгуулсан, Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд ч тангараг өргөх ёслолыг тун цомхон хийж, лав л манайх шиг цэргийн ёслолын жагсаал хийж сүржигнээгүй. Харин манайх парламентын засаглалтай, халдвараа хяналтаас алдчихаад байгаа атлаа цэргүүдээ жагсаан цэнгэх гэж байгаадаа олон улсаас ичих хэрэгтэй.