Хоногт батлагдах халдварын нийт тохиолдолд хүүхдийн эзлэх хувь өсөх хандлагатай байгааг албаныхан мэдээлж буй. Тодруулбал, вакцин хийлгээгүй хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, жирэмсэн эхчүүд халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгаа юм.
Иймд зургаадугаар сарын 14-нээс эхлэн хэрвээ эцэг, эхчүүд өөрсдөө хүсвэл дархлаажуулалтын цэг дээр очиж, 16-17 насны хүүхдээ "Файзер" вакцинд хамруулах боломжтой болсон талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
Гэтэл "Хүүхдээ дагуулаад вакцин хийлгэхээр дархлаажуулалтын цэг дээр очиход, 16, 17 нас хүрэхэд сар нь гүйцээгүй, хоног нь дутуу байна гэх мэт шалтгаанаар хүүхдэд вакцин хийхгүй байна. Уг нь оноороо бол 16, 17 хүрсэн атал сар, хоног нь гүйцээгүй ийм хүүхдүүд их байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ" гэх санал, асуултыг иргэд манай сайтад ирүүллээ. Уг асуудлын талаар Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр, "Цаанаасаа программ тэгээд заачихсан тул сар, хоног нь дутуу хүүхдүүдийн нэр гарч ирэхгүй. Иймд заавал 16, 17 нас хүрсэн хүүхдүүдэд л вакцин хийж байгаа. Удахгүй хүүхдийн вакцинжуулалттай холбоотой нэгдсэн журам батлагдана" гэв.