Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай тооцож, ял оноосон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар угтаа буруугүй болж, шинэ нөхцөл байдал үүссэн хэмээн хорихоос суллагдсан. Харин тэднийг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар эсрэгээрээ ял сонссон билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхээс өнгөрсөн гуравдугаар сард уг хэргийг хянаж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Тэгвэл энэ сарын 14-ний өдөр буюу даваа гарагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондовын захирамжаар Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатыг суллажээ.
Яллагдагчийн шалгуулж байхдаа хоригдсон хугацааг ял эдлэх хоногт тооцдог. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат хэрэгт холбогдон шалгуулж байхдаа цөөнгүй хоногийг торны цаана өнгөрүүлсэн аж. Ийнхүү ШШГЕГ-ын 429 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан түүнд хугацаанаас өмнө хяналт тогтоож, магадлангаар оруулан, ялаа эдэлсэн хэмээн үзэж наранд гаргав. Нийт ялынхаа тодорхой хувийг эдэлсэн бол магадлангаар оруулж хугацаанаас өмнө сулладаг заалт Эрүүгийн хуулийн 6.12-т бий.
Г.Эрдэнэбат 7 сар 3 хоног хоригдсон нь хугацаанаас өмнө суллагдах үндэслэл болсон аж. Тодруулбал, биеэр 6 сар 18 хоног эдэлж, шагналын 15 хоног хасуулжээ. Үлдэгдэл хоног нь 4 сар 27 хоног байжээ. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Эрдэнэбатад үлдсэн хоногт нь хяналт тавих юм.
Өмгөөлөгч, прокурор дээрх захирамжийг үл хүлээн зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйл.Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох
1.Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно:
1.1.таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг;
1.2.таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;
1.3.арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол.
2.Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтооно.
3.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ.
4.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.
5.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 28-нд зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг үндэслэн Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас, Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулж байсан билээ.