Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна. Улмаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байтал Баянгол дүүргийн “Өлзий” дэн буудал, Баянзүрх дүүргийн “Молор” караоке, Чингэлтэй дүүргийн “Харцага” караоке, Хан-Уул дүүргийн “Парадайс” амралтын газрын караоке тус тус үйл ажиллагаа явуулж байсныг тогтоожээ. Мөн оройн цагаар, олон хүн бөөгнөрсөн газар иргэд амны хаалтаа зүүхгүй үйлчлүүлэх тохиолдол олон гарлаа. Уг нь Засгийн газрын “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” болоод УОК-ын даргын “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын дагуу дээрх газрууд үйл ажиллагаа явуулах хориотой. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хийж буй уг шалгалт зургадугаар сарын 30-ны хооронд үргэлжилнэ. Шалгалтаар зөвхөн өчигдөр орой гэхэд 1971 байгууллагад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 245 зөрчил илрүүлжээ. Тухайлбал, үйлчлүүлэгчийн дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан гэрчилгээг шалгахгүй, халуун хэмжихгүй оруулах, ажилчдын дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг хэвлэж тавиагүй, ширээ хоорондын зайг баримтлаагүй, нэг ширээнд олноор нь суулгах, механик агааржуулалтыг хэвийн ажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм.