Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэо ХӨСҮТ-ын захирал Л.Баттөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед вакцинд хамрагдах насныхан бүрэн хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно. Учир нь сүүлийн өдрүүдэд вакцин хийлгээгүй хүмүүс халдвар авах тохиолдол ихээхэн гарах боллоо. Иймд дархлаажуулалтад хамрагдаагүй байсан хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулна. 12-15 насны хүүхдүүд вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Гэхдээ аль ч вакцин 100 хувийн үр нөлөөтэй биш гэдгийг бодож, хоёр тундаа хамрагдсан ч гэсэн амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын бусад дэглэмээ баримтлах хэрэгтэй.
Мөн өнөөдрийн байдлаар жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн. Одоогоор "Pfizer" вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насны хүүхдэд хийх зөвшөөрөл ирсэн байна. Хэдийгээр АНУ болон бусад улсад хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн байгаа ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг бид заавал авах ёстой. Үүний дагуу удахгүй 12-15 насны хүүхдүүдийг ч "Pfizer" вакцинд хамруулах боломжтой. Ингэж байж намар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдэх боломж бүрдэнэ. Гэхдээ Файзер вакцин сайн вакцин гээд байгаа юм биш. Синофарм вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл гарвал улс орнууд ялгаагүй л вакцинжуулна. Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх эсэхээ хувь хүн өөрөө шийдвэр гаргаж байгаа. Вакцин хийлгэхгүй бол хүндээр өвдөх өндөр эрсдэлтэй" гэдгийг онцлон хэлэв.