"Номын баяр-2021"-т ном зарах зөвшөөрөлгүй оролцсон зохиолчийг цагдаагийн алба хаагчид албадан холдуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Зохион байгуулагчид түүнийг зөвшөөрөлгүй, вакциндаа хамрагдаагүй, согтуу байсан гэж хэлсэн ч ЦЕГ-аас "согтуу гэж тогтоогдоогүй" хэмээн мэдээлсэн юм. Мөн цагдаа нарт хүчирхийлүүлсэн гэх зохиолч С.Төмөр нь вакцины тундаа хамрагдаад сар болсон гэнэ. Тэрбээр, "Өөрийн бичсэн гурван номоо хүмүүст танилцуулах санаатай тус баярт оролцсон. Өмнө нь "Номын ертөнц" ТББ-аас ном зарах зөвшөөрөл авах гэтэл "Түрээслэх асар байхгүй" гэсэн. Тэнд очиход зөвшөөрөлгүй ч гэсэн асрын гадаа хайрцаг тавин сууж буй олон хүн байсан. Тэгэхээр нь энэ сарын 13-нд 18:00 цагийн орчимд баяр дуусах дөхөж байх үед хоосон асарт нь орж суусан юм. Гэтэл зохион байгуулагч гэх хоёр охин ирээд хөөсөн. "Баяр дуусаж байна. Ах нь хэдхэн ном тавиад сууж болохгүй юу" гэтэл "болохгүй" гэсэн юм. Шаардлагыг нь хүлээж аваад асрын гадаа сууж байтал тэд цагдаа дагуулаад ирсэн. "Ах нь номоо аваад зүгээр явъя гэтэл" цагдаагийн алба хаагчид намайг заавал журамлана гэснээр маргаан эхэлсэн юм. Цагдаагийн алба хаагчид миний толгой руу цохиж, боомилж, цамц урсан. Мөн нэг нь намайг бөхийн мэх хийж газар унагаасан бөгөөд нэг нь хавирга дээр минь өвдөглөж суусан. Үүнээс болж хоёр хавирга минь одоо ч хөндүүрлэсээр байна" гэлээ.