КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд зориулж Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлээд байсан билээ. Тэгвэл энэхүү тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун "Файзер" вакцин манай улсад нийлүүлэгдэх бөгөөд үүнээс эхний 84240 тун вакциныг өчигдөр манай тал хүлээн авлаа.
Шадар сайд С.Амарсайхан "Япон Улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа манай ирээдүй болсон хүүхэд залуучуудыг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно гээд Япон Улсын Засгийн газар, японы ард түмэн, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүүхдийн Санд гүн талархал илэрхийлж байна.
Манай улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.