Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)ын дарга Л.Бямбасүрэнгийн сүүлийн өдрүүдэд хийсэн мэдээллийг сонсоод давчдав. “Ковид-19”-ийн үед иргэдийн өргөн хэрэглэж байгаа эмүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулъя” гэж асууж, шаардахад тэрбээр “Манайх жагсаалтыг саяхан, 2019 онд шинэчилсэн” гэж хариулах юм. Иргэдийн эрүүл мэнд, амь нас хоёр жил бус, хоёр хоног, зарим үед хоёр минут, секундээр хэмжигдэж байхад ингэж ярьж, хариулах нь тун хариуцлагагүй. Эмнэлгүүд, эмч, сувилагч нарын ачаалал хэрээс хэтэрсэнд анхаарч, арга хэмжээ авахгүй байгаатай нэгэн адил тус байгууллагынхан иргэдэд шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр олгох боломж бүрдүүлэхгүйгээр хэдий болтол хойш чангаах вэ. Цар тахлын онцгой нөхцөлд манай улс иргэддээ шаардлагатай эм, тариа, аминдэмийн үнийг хөнгөлөхгүй юм бол эрүүл мэндийн даатгал, систем, хэрэгжүүлэгч байгууллага, түү ний удирдлага гэж байхын хэрэг бий юү.
Манай улсад өчигдөр халдвар авсан хүний тоо 2395-аар нэмэгдэж, найман хүн нас барав. Эдгээрийн цаана шинж тэмдэггүйгээр халдвар тээн, бусдад дамжуулж яваа хүн цөөнгүй бий гээд үзэхээр манай улс энэ өвчнөөс мөд ангижрахгүй нь тодорхой боллоо. Эдийн засаг улам хүндэрч, иргэд жинхэнэ утгаараа өвчний өмнө өвдөг сөхрөх нь. Чухам энэ үед ЭМДЕГ-ынхан, дарга Л.Бямбасүрэн та ажлаа эх орончоор хийнэ үү.
Эм ямар үнэтэй болоод хөнгөлөх шаардлагатай хэмээгээд байна вэ гэж үү. Таван ам бүлтэй айлын зөвхөн угтах буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж авсан эм, бэлдмэлийн үнийн баримтыг харуулж байна. Эднийх дундаж амьдралтай айл. Өвдвөл эм аваад уух хэрийн мөнгөтэй гэсэн үг. Гэтэл эм байтугай хоногийн хоолны махаа дийлэхгүй өрх хэчнээн байдаг билээ. Тэр хүмүүс өвдвөл яах вэ. Тиймээс коронавирусээр халдварлагсдыг анагаах үүднээс шаардагдах эм, аминдэмийн үнийг хямдаар олгох шаардлага тулгамдаж байгаа юм. Том хүн өдөрт нэг удаа хэрэглэх лааны үнэ 8350 төгрөг гээд бодоход дор хаяж 10 хоног эрчимтэй эмчлэхэд 83 500 төгрөг шаардлагатай. Зөвхөн нэг лааны үнэ гээд дахиад бодоорой. Цаана нь уух шаардлагатай эм, аминдэм олон бий. Гэтэл гэр бүлийн гишүүн бүр үүнийг хэрэглэнэ гэж тооцвол дундаж амьдралтай айлынхан ч авч дийлэхгүй. Яагаад ийм эм заавал шаардлагатай байна вэ, уух хэрэггүй юм биш үү гэж асуух хүн цөөнгүй байх. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болсон хүмүүст өрхийн эмнэлгээс нь тодорхой хэмжээний эм, бэлдмэл заавал хэрэглэхийг зөвлөж буй. Энэ нь дээр дурдсанаар угтах буюу урьдчилан сэргийлэх эмчилгээ. Ингэснээр халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчлөх, дархлаагаа дэмжихэд тустай гэж үзэж байгаа юм. Тиймээс л иргэд аргагүйн эрхэд яаж ийгээд өндөр өртөгтэй эмүүдийг авахад хүрч буй.
Бас нэг жишээ дурдъя. Гэртээ эмчлүүлж буй иргэд өрхийн эмчийн хяналтад байдаг. Өрхийн эмнэлгээс өмнө нь иргэдэд халуун хэмжигч, D, C аминдэм, вирусийн эсрэг лаа гэх зэрэг эм, бэлдмэл, бүтээгдэхүүний бүрдэл бүхий 70 мянган төгрөгийн багц олгож байв. Гэтэл өдгөө уг багцыг ч өгөхөө больжээ. Учир нь ЭМДЕГ-аас өрхийн эмнэлгүүдэд өгөх мөнгөө шилжүүлэхгүй байгаа учраас дахин багц бэлтгэх аргагүй болсон гэнэ. Нийслэлд 230 гаруй өрхийн эмнэлэг бий. Байдал бүгдэд нь ийм бол халдвар авч, өвчилсөн иргэд хамраараа газар хатгахаас наагуур болов. Эм импортлогчдын монопол эрхийг хумих, эмийн сангийн үйлчилгээ эрхлэгчид мөн үнийг зоргоороо нэмдэгтэй тэмцэх зайлшгүй шаардлага буйг цаг үе ийнхүү сануулж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Засгийн газар коронавирусийн халдварын үед хэрэглэх эмийн үнийг тогтворжуулах шаардлагатай байна” гэж саяхан ярьсан. “Ковид-19”-өөр өвчилж гэрээр эмчилгээ хийлгэж буй хүн хамгийн багаар бодоход 150-200 мянган төгрөгийн эм, бэлдмэл авах нь иргэдэд маш хүнд тусаж байгааг тэрбээр дурдаад, эмийн компаниудын монопол эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх, үнийг бууруулах, даатгалд хамруулах, эмийн сангуудад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэйг онцолсон. Түүнийг ийнхүү хэлэх үед ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Вирусийн эсрэг эмүүд харилцан адилгүй үнэтэй. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаатай холбогдуулан Эмийн зөвлөл хуралдаж, эмийг нэг удаагийн импортын лицензээр оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг олон нийтэд зарлахаар шийдвэрлэсэн. Тухайн эмийг ямар үнэтэйгээр санал болгож, зөвшөөрөл авсныг нь олон нийтэд ил тод зарлахаар шийдвэрлэсэн. Ингэснээр вирусийн эсрэг эм ямар үнээр бүртгэгдсэнийг иргэд мэдэх боломж бүрдэнэ” гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Коронавирусийн үед уух арбидол хэмээх эмийн үнэ тав дахин өссөн байна. Болохоо байлаа. Маш олон иргэн өвдсөн ч эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ байгаа. Мэдээлэл, зөвлөгөөний 119 дугаарын утас, эмнэлэг, Шуурхай штаб руу залгасан ч утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж ярина гээд алга болсон тухай гомдол, мэдээлэл иргэдээс маш их ирж байна. Бид онцгой анхаарч ажиллах цаг болжээ. Төр, иргэн хоёрын холбоо тасраад эхэллээ. Нөхцөл байдал хэцүү байгаа, ойлгож байна. Өнгөрсөн жил Италид “Бид чадахгүй нь ээ, өөрсдөө учраа олоорой” гээд эмнэлгийнхэн нь уйлаад, залууг нь аврах уу, хөгшнийг үү гээд сонгож ядсан үе бий. Өнөөдөр Монгол Улсад иргэд өвдлөө гэхэд яг хаашаа утасдахаа, тусламж авч чадах, эсэхээ мэдэхгүй байдал нүүрлэлээ. Одоо бол иргэд эм, аминдэм яаж олж авах вэ л гэж бодож байна. Гэтэл эдгээрийн үнэ хэд дахин өссөн. Арбидолын үнэ гэхэд 6000 байсан бол 30 мянган төгрөгөөс давчихлаа. Энэ асуудлаар, бодит нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд яагаад ярихгүй байна вэ. Эмнэлгийн ачаалал түйлдаа хүрчихлээ. Цаашид эмнэлгийн орны зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ. Шинээр хэдэн мянган ор дэлгэх үү, яах вэ зэрэг асуудал бүрт тодорхой хариу өгөх хэрэгтэй байна. Энэ бол иргэн бүрийн эрхтэй холбоотой асуудал. Эм, тариа, аминдэмд даатгал үйлчлэхгүй юм уу, хариулт өгмөөр байна. Долдугаар сарын эхээр халдварын тархалт буурна гэж судлаачид таамаглалаа өөрчилсөн. Тэгэхээр тэр хүртэл 14 хоногийн хугацаанд хэчнээн мянган хүн өвдөх вэ. Өнөөдөр батлагдсан тохиолдлын тоо 2000 гарлаа. Цаашид 3000 давбал ирэх хоёр долоо хоногт халдвар авах хүний тоо 50-60 мянгаар нэмэгдэх нь байна шүү дээ” хэмээсэн.
“Ковид-19”-ийн нөхцөл байдлын тухай хожуухан ч гэлээ УИХ-ын түвшинд ярилцаж эхэллээ. Тэглээ гээд “Бид хоёр жилийн өмнө хөнгөлөлтөөр олгох эмийн жагсаалыг шинэчилсэн шүү дээ” гэж хариулж суугаа даргатай ЭМДЕГынхныг эмийг яаралтай хөнгөлөлттэй олгодог болгох хүртэл хурдлуулж чадах уу. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг түр хугацаанд ч болов үйлчлүүлэхээр маш яаралтай шинэчлэхэд болохгүй гэж үү. Харамсалтай нь, ЭМДЕГ-ынхан үеийн үед эмийн зах зээлийг “базаж”, төрийн ч шийдвэрийг өөрсдөдөө ашигтайгаар гаргуулж ирсэн башир, хувиа бодогч эм импортлогчдод “базуулчихаад” яахаа мэдэхгүй суугааг ойлгож ядах юмгүй. Гадаадаас оруулж ирснээ хэд дахин нугалан ашиг олдог ч ханаж цаддаггүй увайгүй хүмүүсийн башир тогтолцоог задалж, энэ төрлийн эмүүдийг сүрьеэгийнх шиг улсаас үнэ төлбөргүй олговол эм импортлогчидтой хамтран ажилласнаас хямд тусаж ч магадгүй юм. Эс бөгөөс эм импортлогчдыг үнээ нэмэхгүй байх, хямдаар оруулж ирэхийг шаардах, болохгүй бол тэднийг нэр, байгууллагатай нь зарлах хэрэгтэй байна. Чоно борооноор гэгчээр тахлаар далимдуулан баяжихыг санаархагчдад яагаад боломж олгосоор байх ёстой гэж