УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон гэх мэдээлэл oчигдoр цахим мэдээллийн сувгуудаар түгсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагынхнаас тодруулахад “Гэр бүлийнхнээс нь гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн нь үнэн. Эхнэрийг нь хохирогчоор тогтоогоод байгаа” гэсэн юм.
Цагдаагийн байгууллагын дуудлага хүлээн авах 102 дугаарын утсанд бус, хүүхдийн тусламжийн 108 дугаарт “Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дахь “Жаргалант” хотхонд иргэн Ж.Мөнхбат эхнэрээ зодоод байна гэсэн мэдээлэл үүрийн 04.00 цагийн үед ирсэн аж. Үүний дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын II хэлтсийн алба хаагчид тухайн хаягт очиж шалгахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр, 36 настай Д.Б-ыг машинаасаа түлхэж унагаан орхиж явсан байсан гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд “Манайх “Жаргалан” хотхонд амьдардаггүй. Би эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” хэмээгээд байна. Цагдаагийнхан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эл үйлдлийг шалган Эрүүгийн хуулийн 11.7-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжтэй, эсэхийг нягтлах аж. Зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцлага тооцож болзошгүй. Зарим хэвлэлд мэдээлснээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрсэн үйлдэл анхных биш гэнэ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн долоо хоногт сонгогдсон тойрогтоо ажиллаад буцах замдаа Баянхонгорын Бууцагаан сумын нутагт осолд өртөж, автомашин нь замын хашлага мөргөсөн байна. Автомашинд явсан хүмүүс гэмтээгүй аж.