Лхагва гарагийн үүрээр /2021.06.16/ Израиль улс Газ болон Хан-Юнис хотуудад байрлах Хамас бүлэглэлийн объектуудад агаарын цохилт өгснөөр тус бүс нутагт дахин мөргөлдөөн эхэллээ гэж Rueters мэдээлэв.
Өнгөрсөн тавдугаар сард 11 хоног үргэлжилсэн байлдааны ажиллагаа өндөрлөснөөс хойш анх удаа Израиль агаарын цохилт өгчээ. Эл цохилт нь Палестины нутгаас шатамхай агаарын бөмбөлгүүдийг Израилийг чиглүүлэн хөөргөсөний хариу байсан гэж Израилийн арми онцолсон байна. Түүнчлэн "Газын зурвасаас үргэлжлэн ирсээр байгаа алан хядах ажиллагаануудын өмнөөс сөрөг зогсож байлдааны ажиллагааг сэргээх зэрэг бүхий л хувилбарт бэлэн байна" хэмээн цохон тэмдэглэжээ.
Мөн Израилийн гал сөнөөгчдын мэдээлснээр, |Палестины талаас хөөргөсөн галт бөмбөлгүүдийн улмаас Газын зурвастай хиллэх хилийн дагуу 20 гаруй түймэр үүссэн байна.
Израилийн тал гал нээхээс өмнө Иерусалимын хуучин хотоор Израилийн далбааг барьсан 1000 гаруй хэт үндсэрхэг үзэлтэн жагсан өнгөрчээ. Энэ үеэр цагдаагийнхан зам хааж, төв замаас палестинчуудыг шахан гаргаж, мөргөлдөөн үүсгэхгүйн тулд гэрэлт дуут гранат, резинэн сумтай буу ашигласан байна. Энэ үеэр олныг хамарсан үймээн дэгдэхээс сэргийлж чадсан ч 33 палестин шархадсан бол Израилийн хоёр цагдаа гэмтэж, 17 хүн баривчлагджээ.
Израиль-Палестины мөргөлдөөн тавдугаар сарын эхээр Зүүн Иерусалим хотод дэгдсэн эмх замбараагүй байдлаас үүдэн хурцдаж эхэлсэн юм. Тус хотын Шейх-Жарах хорооллын байшингуудыг тэнд амьдардаг араб гэр бүлүүдээс хураан авах Израилийн шүүхийн шийдвэрийг палестинчууд эсэргүүцэн Израилийн цагдаа нартай мөргөлджээ. Үүний дараа удалгүй хоёр тал харилцан пужингийн цохилт эхэлсэн юм.
Энэ хугацаанд Израиль руу 4 мянга гаруй пуужин харвасан бол Газын зурвасын хэдэн зуун объект Израилийн цохилтод өртсөн байна. Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, мөргөлдөөний үеэр амиа алдсан палестинчуудын тоо 232-т хүрч, 1900 хүн шархаджээ. Баруун эргийг оруулаад Палестины нутаг дэвсгэрт нийтдээ 260 хүн амиа алдсан байна. Израилийн талаас 12 хүн амь үрэгдсэн юм.