Нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн 148 сургуулиас 52 сургууль биеийн тамир, спортын талбайгүй, 78 талбайг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн биеийн тамир, спортын талбайг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй барилга барих асуудал маргаан дагуулж байгаа. Эл асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн спорт хорооны ажил биш, дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба зэрэг олон байгууллагын анхаарах асуудал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолсон. Мөн Монголын хөл бөмбөгийн холбоо зургаан сургуулийн биеийн тамир, спортын талбайд олон улсын стандартад нийцсэн зүлэгжүүлэлт хийх санал гаргасныг дэмжин ажиллана гэлээ. Түүнчлэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж, нийтийн эзэмшилд буцаан олгох шийдвэр гарсан биеийн тамир, спортын талбайн кадастрын зургийг сургуулийн эзэмшлийн газарт нэгтгэж оруулах, сүүлийн жилүүдэд хэдэн сургуулийн талбайг бусдад шилжүүлсэн, одоогийн нөхцөл байдлаар хэдэн талбайд маргаантай асуудал үүсээд байгаа зэрэг зөрчлийг богино хугацаанд арилгах зэрэг үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгсөн юм.