Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн дээд хэмжээний 32 дахь уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо Даваа гарагт /2021.06.14/ эхэлжээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалтаар 2030 он хүртэлх тус эвслийн шинэ стратегийн үзэл баримтлал, техникийн хөгжлийг бэхжүүлэх, цаг уурын өөрчлөлт, сансар болон кибер орон зайн аюул заналхийлэлтэй тэмцэх талаар хэлэлцэв. Форумд оролцогчид эвслийн хувьд шинэ цаг үе ирж байгааг мэдэгдээд Орос төдийгүй Хятадыг хязгаарлах хэрэгтэйг онцолжээ. Эл хоёр улстай харилцах харилцаанд яриа хэлэлцээ, хязгаарлах стратегийг хослуулах ёстойг онцолсон байна.
Энэ удаагийн уулзалт НАТО-гийн түүхэнд хамгийн богино хэмжээний дээд хэмжээний уулзалт болов. Умард Атлантын эвслийн орнуудын удирдагчид ердөө 2.5 цаг л ярьсан нь иймэрхүү арга хэмжээний хувьд ердийн бус байлаа. Үүний сацуу уулзалтын ихэнх цагийг эвслийн орнуудын тэргүүн нар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай түүний Оросын удирдагч Владимир Путинтай Женевт хийх уулзалтын сэдвийг ярилцаж, тус тусынхаа хүсэл, зөвлөгөөг илэрхийлжээ.